ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД А.Н.ЕВСИКОВ МОНГОЛЫН НООЛУУРЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ САНАЛ СОЛИЛЦОВ.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд А.Н.Евсиков Монголын ноолуурын салбарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Кашмир Холдинг ХХК-ийн ерөнхий захирал, Монголын ноос ноолуурын холбооны дэд ерөнхийлөгч С.Мөнхжаргал, Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д. Алтанцэцэг, Сноу Филдс ХХК-ийн захирал Ц.Ган-Өлзий, Кашмир Холдинг ХХК-ийн зөвлөх Ч.Бадарч нар оролцож Элчин сайдтай санал солилцов.
Монгол Улсаас 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Евроазийн зах зээлд экспортын татварын хөнгөлөлттэй гаргахаар бэлтгэл хангагдаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн зүгээс Оросын зах зээлд бүтээгдэхүүнээ таниулан сурталчлах шаардлагатай байгааг Элчин сайд хэллээ.
ОХУ-аас Монгол Улсын Стандарт хэмжилзүйн газарт хүлээлгэж өгсөн оросын стандартаас текстилийн салбарт мөрдөх, хэрэгжүүлэхэд мэргэжлийн талаас нь орчуулж хэрэглэх, хуурамч бүтээгдэхүүний эсрэг хамтарч ажиллахын чухлыг онцлоод сүүлийн үед оросын хэрэглэгчид загвар дизайн өвөрмөц, содон өнгийг сонирхдог болсон учраас монгол ноолууран бүтээгдэхүүний загвар дизайны тал дээр ОХУ-ын дизайнеруудыг урьж ажиллуулах боломжтойг дурдав.
Монголын ноос ноолуурын холбооноос ОХУ-ын зах зээл рүү ноолуур, сарлаг, тэмээний ноосон хуурамч бүтээгдэхүүнийг гаргахгүй байхаар чанар, стандартын баталгаажуулалтыг хийж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Цагаан Алт хөдөлгөөний хүрээнд бүтээгдэхүүний нэр төрөл болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.
Цаашид Монгол-Оросын хамтарсан үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож, Оросын томоохон компаниудтай холбоо тогтоох, онлайн худалдааны платформ дээр чанар, стандартын баталгаажуулалт бүхий бүтээгдэхүүнийг борлуулах, 200 гаруй сая хүн амтай зах зээлд бүтээгдэхүүнээ сурталчлан таниулахад онцгой анхаарахаа үйлдвэрлэгчид илэрхийллээ.