ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН СТАНДАРТ БА ХАРИУЦЛАГАТАЙ БИЗНЕСИЙН ЁС ЗҮЙ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Нэгдсэн Үндэсний байгууллагын Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Олон улсын сургалтын төвтэй хамтран 2024 оны 11-р сарын 4-8-ны өдрүүдэд “Олон улсын хөдөлмөрийн стандарт ба хариуцлагатай бизнесийн ёс зүй” сургалтыг олон улсын хөдөлмөрийн байгууллагын Итали улсын Турин хот дахь салбарт зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн сургалтад ХХААХҮЯ, ХНХЯ, Монголын Ноос Ноолуурын Холбоо, Монголын Хуульчдын холбоо, Шүүхийн Академи, Монголын хөнгөн аж үйлдвэрлэлийн ҮЭ-ийн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.
Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээгээр хүний хөдөлмөрлөх үйл явцтай холбоотой өргөн хүрээний асуудлыг хамарч зохицуулдаг тул хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд шууд оролцогч талуудыг чадавхжуулах ажил чухал байр суурь эзэлдэг. Тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй хөдөлмөрийн ертөнцөд дасан зохицож ажиллах, өөрчлөлтийн явцад хөдөлмөрлөх эрхийг хангах, зохистой арга хэмжээ авах үүднээс олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг олон талаас нь авч үзэх, хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.
Энэ хүрээнд тус сургалтаар тогтвортой болон хариуцлагатай бизнес эрхлэгч, хүний эрхийн магадлан шинжилгээний мөн чанар, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, албадан хөдөлмөр эрхлэлт зэрэг өргөн хүрээний сэдвүүдийг хамрах юм.