“НООЛУУР СУДЛАЛ-2024” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО.
ШУТИС байгуулагдсаны 65 жилийн ойн хүрээнд Монголын ноос ноолуурын салбарын ололт, амжилт, онцлог шинж, давуу талыг таниулах, ноолуурын салбарт хийгдэж буй туршилт, судалгааны ажлуудыг танилцуулах, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “Ноолуур судлал-2024” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2024 оны аравдугаар сарын 10-нд зохион байгууллаа.
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд салбарын эрдэм шинжилгээний хүрээлэн, мэргэжлийн холбоо, стандартын байгууллага, олон улсын эрдэмтэн, судлаачид, доктор, профессорууд, багш нар, ноолуурын үйлдвэрийн удирдлага, инженер техникийн ажилтнууд оролцож салбарт хийгдэж буй судалгааны ажлууд болон тогтвортой үйлдвэрлэлийн талаар илтгэл тавьж хэлэлцэв. Японы Шиншү их сургуулийн текстилийн салбарын профессор Кобаяаши Суничи, Хидеаки Морикава, Томонори Сакой нар текстилийн шинжлэх ухаан, технологийн боломж, үйлдвэрлэлийн нийгмийн сорилтууд, хүн-хувцас-орчин системд нийцсэн дулааны тааламжтай хувцасны загвар, дизайны сэдвээр, БНСУ-ын Колон компанийн мэргэжилтэн Квонг Жаюнг “Монгол Улсад нэхмэл хувцасны дахин ашиглалтын системийг бий болгох нь” сэдвээр сонирхолтой илтгэлүүд тавив.
Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “Ноолуурын салбарын зах зээл, боломж, гарц шийдэл” сэдвээр илтгэл тавьж уялдаатай бодлого зохицуулалтын тогтолцоог бий болгох, татвар хууль, эрх зүйн орчныг сайжруулах, ажиллах хүчнийг чадавхижуулах талаар хийж байгаа ажлуудыг танилцууллаа. Мөн эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дэмжсэн төсөл, хөтөлбөр болон залуучуудын бүтээлч сэтгэлгээг дэмжих, хэрэгжүүлэх, байгальд ээлтэй, хүн төвтэй, тогтвортой ногоон үйлдвэрлэлийг бий болгох, хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа талаар илтгэлээ.