“НООЛУУРЫН САЛБАРТ ТАРИФЫН ХЭЛЭЛЦЭЭР” ЭЭЛЖИТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Дэлхийн олон улс орнууд гадаад худалдаа, бизнесийн үйл ажиллагаанд тавих хүний эрх, байгаль орчны шаардлагуудыг илүү нарийвчлан тусгаж, өөрсдийн нийлүүлэлтийн сүлжээний хуулиар баталгаажуулсаар байгаа билээ.
Монголын ноолуурын салбар ч бүтээмж, гүйцэтгэлтэй уялдсан олон улсын туршлагад нийцсэн, ШУ-ны үндэслэлтэй цалин хөлсний нэгдсэн системтэй болох зорилгын хүрээнд Монголын Ноос Ноолуурын Холбоо, Монголын Хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбоо, ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сантай хамтран Тарифын гэрээ хэлэлцээрийг бий болгохоор ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд 2024 оны 9 сарын 17-нд текстилийн салбарын ажил олгогчид, хүний нөөцийн ажилтнууд болон удирдах ажилтнууд оролцсон ээлжит хэлэлцүүлгийг хийлээ. Тус хэлэлцүүлгээр тарифын гэрээ хэлэлцээр байгуулахад салбарт учир буй сорилт, тулгамдаж буй асуудал, мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгах, ЖДҮ-үүдийн удирдлагуудыг чадавхижуулах, мэдлэгийг нэг болгох, ажлын байрны нэршлийг олон улсын жишигт нийцүүлэх, боловсролын системд салбарыг таниулах,сурталчлах хөтөлбөрийг оруулах зэрэг олон асуудлуудыг хөндөж цаашид хийх ажлын замын зургаа гарган 5 багт хуваагдан бүтээлчээр ажиллав.
Өнгөрсөн хугацаанд оролцогч талууд ноолуурын салбарын компаниудаас цалин хөлсний судалгааг мэргэжил бүрээр нэг бүрчлэн авч дүн шинжилгээ хийж нэгтгэх, салбарын тэргүүлэгч компаниудад ажлын хэсгээс мэдээлэл, танилцуулга хийх, 230 гаруй ажил мэргэжлийн жагсаалт, ажлын байрны тодорхойлолтуудыг үйлдвэрлэлийн шат, дамжлага бүрээр нарийвчлан гаргаж, үндэсний ажил мэргэжлийн ангилал тодорхойлолтод нийцүүлсэн бөгөөд эдгээр ажил мэргэжлүүдэд тавигдах мэдлэг, ур чадварын шаардлага, хүчин чармайлт, хариуцлага, хөдөлмөрийн нөхцөлүүдийг үндэслэн үнэлж бүлэглэн, тус үнэлгээнд үндэслэж ажил мэргэжлийг үнэлэх аргачлал, ноолуурын салбарын жишиг цалин хөлсний тарифын сүлжээг боловсруулах зэрэг олон ажлуудыг ажлын хэсэг хийж гүйцэтгээд байна.