
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НООЛУУРЫН КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.
Өнөөдөр Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар ноос, ноолуурын салбарын томоохон үйлдвэрлэгч болох Сор Кашмир ХХК, Сноу Филдс ХХК-ийн үйлдвэрт зочилж, боловсруулах үйлдвэрлэлийн өнөөгийн байдалтай танилцлаа.
Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөр малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг өсгөх, өрсөлдөх чадварыг сайжруулах, чанарын баталгаатай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэн хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг шинэ шатанд гаргах юм.
“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг нэмэгдүүлж ноолуурын үйлдвэрлэлийг 1,5 их наяд төгрөгөөс 2,3 их наяд төгрөг, экспортыг 398 сая ам.доллароос 690 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр гурван мянга гаруй ажлын байр бий болгох юм.
Ноос, ноолуурын салбарын үйлдвэрүүд нь нийгмийн хариуцлагатай тогтвортой ногоон үйлдвэрлэлийг бий болгох, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан монгол ноолуурын өрсөлдөх чадвар үнэ цэнийг нэмэгдүүлж байгальд ээлтэй үйлдвэрлэгч орон болохоор зорин ажиллаж байна.