
МОНГОЛЫН НООС НООЛУУРЫН ХОЛБОО ЭКСПОРТЫН ОЛОН УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Монголын ноос ноолуурын холбоо болон Экспортын олон улсын худалдааны төвийн хамтын ажиллагааны хүрээнд “Гадаад худалдаанд оролцогч талуудын хамтын ажиллагааны боломж” зөвлөлдөх уулзалтыг 2-р сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтад оролцсон Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулалт худалдааны газар, Олон улсын төсөл хөтөлбөр, онлайн Zochil платформ, ITDM төсөл, мэргэжлийн зарим холбоо, байгууллагуудын төлөөлөлд Монголын ноос ноолуурын холбоо болон Экспортын олон улсын худалдааны төвийн хамтын ажиллагаа, гадаад харилцааны талаар танилцуулж санал солилцлоо.
Мөн АНУ, Канад улсуудад 2025 оны 6-р сард зохион байгуулагдах уул уурхайн бус, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Монголын өдрүүд-2025” өдөрлөгийн талаар оролцогчдод мэдээллээ.
Дараагийн уулзалтыг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор зохион байгуулах, АНУ-ын зах зээлд Монголын бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэх, поп-ап дэлгүүрүүдийг нээж борлуулалтын сувгуудыг идэвхжүүлэх тал дээр анхаарч ажиллахаар тохиролцлоо.