Монголд хувийн хэвшлээс анх удаа ноолуурын салбарт тарифт цалингийн хамтын хэлэлцээрийг байгууллаа
Улсын стратегийн ач холбогдолтой, экспортын баримжаатай Ноолуурын салбарт олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ, суурь зарчимд нийцсэн цалин хөлсний нэгдсэн системийг нэвтрүүлэх зорилгоор Монголын ноос ноолуурын холбоо, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбоо, ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сан хамтран “Тарифын хэлэлцээр” төслийг амжилттай хэрэгжүүлэхээр болоод байна.
Уг төслийн хүрээнд ноолуурын салбарын 230 гаруй ажил мэргэжлийн жагсаалт, ажлын байрны тодорхойлолтуудыг үйлдвэрлэлийн шат, дамжлага бүрээр нарийвчлан гаргаж, Үндэсний ажил мэргэжлийн ангилал тодорхойлолтод нийцүүлэн, ажил мэргэжил бүрт тавигдах мэдлэг, ур чадварын шаардлага, хүчин чармайлт, хариуцлага, хөдөлмөрийн нөхцөл зэрэг шалгуур үзүүлэлтүүдэд үндэслэн бүлэглэж, цалингийн итгэлцүүрийг тогтоон, ажил мэргэжлийг үнэлэх аргачлал, ноолуурын салбарын жишиг цалин хөлсний тарифын сүлжээг боловсруулан ажил олгогч нарт ноос ноолуурын холбооноос хүргүүлээд байна.
Монголд анх удаа олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээнд нийцүүлсэн тарифт цалингийн хамтын хэлэлцээрийг байгуулж байна. Уг цалингийн системийг салбарын түвшинд нэвтрүүлснээр ноолуурын салбарт зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай шинжлэх ухааны үндэслэл бүхий цалин хөлсний нэгдсэн системтэй болох, Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцуудыг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд хөдөлмөрийн зах зээл дэх шударга өрсөлдөөнийг дэмжих,ажилтны мэргэжил, ур чадварыг хэмжих, үнэлэх, хөдөлмөрийн норм, норматив тогтоох арга хэрэгсэл илүү нарийвчлагдаж, боловсронгуй болох зэрэг эерэг үр нөлөөтэй юм.
Тарифын хэлэлцээрээр нэг талаас ажилтны төлөөлөл, нөгөө талаас ажил олгогчдын төлөөлөл нийгмийн түншлэлийн хүрээнд, хэлэлцээр хийх замаар цалин хөлсийг тухайн жилийн салбарын эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлтэй уялдуулан илүү шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоодог бөгөөд энэхүү хэлэлцээрийг дагаж мөрдөж буй аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөрийн хүрээний суурь эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх хамгийн сонгодог тогтолцоо юм.