МАРКЕТИНГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Монголын ноос ноолуурын холбооноос ноолууран бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх, борлуулалтыг дэмжих, идэвхжүүлэх, гадаад зах зээлийн сүүлийн үеийн хандлага, тренд, бизнесийн алтан тойргийн зарчмын тухай сургалтыг 2024 оны 9-р сарын 26-нд зохион байгуулав.
Сургалтыг ШУТИС, ҮТС-ийн Дизайны тэнхмийн дэд профессор Д.Нарантогтох (Ph.D), Уулын түншлэл буюу FAO болон Юнус байгаль орчны /YEH/ төвийн үндэсний зөвлөх Э.Бат-Орших нар удирдан явуулж, Ханбогд Кашмир ХХК-ийн удирдах ажилтнууд, гадаад дотоод худалдаа, маркетинг борлуулалтын менежерүүд, Кашмир холдинг, Нанс Кашмир, Сор Кашмир, Говь Эрдэнэ Кашмир, Баялаг Өлзий ХХК-ийн дизайнер, менежерүүд хамрагдлаа.
Үндэсний зөвлөх Э.Бат-Орших бизнес бол персона буюу хүн төвтэй ажиллаж ухаалаг загварын чиг хандлагыг үндэсний өв соёлтой хослуулах, цаашид блокчэйн, хиймэл оюун ухаанаар баталгаажсан, байгальд ээлтэй тогтвортой байдлыг дэлхий нийтээрээ чухалчлан өртгийн гинжин хэлхээг байгалиас эхэлж чанартай бүтээгдэхүүн болгож байгаль орчны сорилтод чиглэсэн нийгмийн бизнест суурилсан шийдлүүдийг боловсруулж хэрэгжүүлж ажиллахын давуу талыг онцолсон бол, Ph.D Д.Нарантогтох монгол ноолуурын онцлог ба онлайн борлуулалт, шинж чанарыг хэрэглэгчдэд харах болон хүрэх мэдрэмжээр дамжуулан хэрхэн борлуулах боломж байгааг Японы болон олон улсын судалгааны үр дүнд суурилсан сонирхолтой кейс, туршлага дээр үндэслэн мэдлэг түгээж, ажил мэргэжилдээ ашиглах аргачлалыг танилцуулав.
Байгальд ээлтэй, хүн төвтэй, үйлдвэрлэл бүхий ноолууран брэнд хөгжүүлэлтийн олон улсын чиг хандлага, технологийн талаарх шинэ, шинэлэг мэдээлэл бүхий сургалтыг тогтмолжуулах хүсэлтэй байгаагаа сургалтад оролцогчид илэрхийлж байлаа.