“Тогтвортой ноос, ноолуурын эвсэл”-ээс тавдугаар сарын 24-ний өдөр  “Ноолуур бэлтгэннийлүүлэлтийн сүлжээ ба тогтвортой хөгжил” сэдэвт форум зохион байгуулсан бөгөөд форумд ХХААХҮЯ, МННХ болон олон улсын байгууллага, үйлдвэрлэгчид, малчид, худалдан авагч зэрэг ноолуурын өртгийн сүлжээнд оролцогч бүх талуудын төлөөллүүд урилгаар оролцлоо.      

                Хурлыг нээж ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Их Британийн Элчин сайдын яамны дэд тэргүүн Иан Кокс, Тогтвортой ноос, ноолуур эвслийн гүйцэтгэх захирал Уна Жонс нар үг хэлсэн юм.

              ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү“2018 онд батлагдсан “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын экспортыг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, Дэлхийн зах зээлд гарал үүсэл нь баталгаатай, стандартад нийцсэн чанартай ноолууран бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр “Монголын хаан ширхэгт” чанарыг гэрчлэх тэмдэг бий болгон ажиллаж байна. Өндөр зэрэглэлийн чанартай ноолуурыг гэрчилэх ажлын түншлэгчээр МННХ ажиллаж байна” гэлээ.

            Энэхүү форум нь ноолуур бэлтгэн нийлүүлэх сүлжээний оролцогчдын хүрээнд салбарын тогтвортой байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, байгаль орчин тэр дундаа бэлчээрийн доройтол, нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх болон тогтвортой хөгжил, урт хугацааны шинэлэг хамтын ажиллагааг өрнүүлэх зорилготой аж. 

     Форумын үеэр “Ноолуурын салбарын өөрчлөлт”, “Газар зохион байгуулалт, биологийн олон янз байдал, мал аж ахуй”, “Хамтын ажиллагаа баталгаажуулалт, гаралүүсэл”болон “Мал аж ахуйг хөтлөн авч явах эдийн засгийн чадамж”-ийн талаар хэлэлцэв.

         Мөн “Бэлчээр зохистой ашиглалт”, “Тогтвортой ноолуур бэлтгэн нийтлүүлэх сүлжээний замын зураглал”, “Мал аж, ахуйгаа тогтвортой эрхлэх, малын үйлдвэр угсаа, чанарыг сайжруулах, малчдын байгууллагын бодит туршлага” гэсэн чухал сэдвүүдийн дор хэлэлцүүлэг өрнүүлж, төрийн болон төрийн бус байгууллагууд, малчид, үйлдвэрлэгчидтэй хамтран шийдэлд хүрэх арга замын талаар ярилцав.

             Тус форумд МННХ-ны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг оролцсон бөгөөд Ноос, ноолуурын өртгийн сүлжээний дамжлаг тус бүрт МННХ-ны дэргэдэх Баталгаажуулалтын албанаас баталгаажуулалт хийх, түүнчлэн МХШ-ийн гол зорилго болон баталгаажуулалтын албаны үүрэг, хариуцлагын талаар товч илтгэл тавьсан юм.

  Мөн форумын үеэр малчдын тулгамдсан асуудал болох малын арчилгаа, маллагаа, бэлчээр ашиглалт, ноолуур бэлтгэн нийлүүлэх сүлжээний эко орчны талаар оролцогч талуудзөв шийдэлийг хамтдаа эрэлхийллээ.