УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан дөрөвдүгээр сарын 3-ны өдөр “Монголын ноос, ноолуурын холбоо”-нд зочилж, ноолуурын салбарын компаниудын удирдлагуудтай уулзан салбарын өмнө тулгамдаад буй асуудал болон түүнийг шийдвэрлэх арга замын талаар ярилцлаа.

Үйлдвэрлэгчдийн зүгээс ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд хандан “Ноолуур” хөтөлбөр батлагдсантай холбогдуулан  Хөгжлийн банкнаас ноолуурын үйлдвэрлэгчдэд жил бүр олгох эргэлтийн хөрөнгийн зээлийн асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх, Засгийн газраас баталсан Үйлдвэрлэгчдийг дэмжих хуулийн дагуу 2018 онд салбарын компаниуд авсан эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн зөрүүг олгуулах, ЖДҮ-ийн тоног, төхөөрөмжийн зээлийн хөнгөлөлт болон Угаасан ноолуурын экспортод хориг тавих зэрэг нэн тэргүүнд шийдвэрлүүлэх асуудлуудыг талаар ярилцлаа.  

Үйлдвэрлэл эрхлэгчдийн саналыг сонссон салбарын Сайд Ч.Улаан “Ноос, ноолуурын салбар дэндүү өргөн цар хүрээтэй салбар. Тиймээс бүгдээрээ хамтарч асуудлаа шийдэхийн төлөө ажиллая. Ноолуур гэдэг нь Монгол Улсын хувьд стратегийн өндөр ач холбогдолтой түүхий эд. Өөрөөр хэлбэл, Стратегийн хувьд ач холбогдолтой энэхүү түүхий эдийг Засгийн газрын лицензтэйгээр борлуулах ёстой учраас тусгайлсан бодлого байх нь зөв. Тэгэхээр ноолуур нь стратегийн бараа юм бол гадагш гарч байгаа 9500 тонн ноолуураа бид өөрсдөө дотооддоо бүтээгдэхүүн болгомоор байна. Ингэхийн тулд ямар зохицуулалт хэрэгтэй байгаагаа бид бүгдээрээ хэлэлцэн дунд хугацааны бодлого гарган ажиллах хэрэгтэй. Мөн түүхий эдийн үнийг чанартай уялдсан байлгах ёстой. Та бүхний хэлсэнчлэн бүгд татвар төлөгч байх нь зөв гэх саналтай нэгдмэл байна. Тэгэхээр бид бүгдээрээ ноолуурын салбарыг алт, зэстэй адил стратегийн ач холбогдолтой гэдгийг баталсан саналыг боловсруулж, Засгийн газар, УИХ-д оруулцгаая. Салбартаа тулгамдаад байгаа асуудлаа шийдэхийн тулд МННХ болон үйлдвэрлэл эрхлэгчид ХХААХҮЯ-тай хамтарсан ажлын хэсэг гаргая. Эл ажлын хэсгийн ХХААХҮЯ ахалж, эхний ээлжид ноолуурын нь стратегийн өндөр ач холбогдолтой салбар гэдгийг төр, Засгаараа тогтоолгоё. Хоёрт, ноолуурын салбар нь стратегийн ач холбогдол бүхий салбар мөн гэдгийгээ дэмжсэн механизмуудаа батлуулъя” хэмээн ноолуурын салбарын том зургаар нь харан хэрхэн хөгжүүлж болох тухайгаа хэллээ.