“Экспортыг дэмжих төсөл”-ийн хүрээнд Дэлхийн банкны Санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн, Монгол Улсыг хариуцсан удирдагч Үллэ Лохмус манай улсад ирсэнтэй холбогдуулан түүнийг “Монголын ноос, ноолуурын холбоо”-ны Тэргүүн, УИХ гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Дэд тэргүүн Г.Ёндонсамбуу нар Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Монголын ноос, ноолуурын холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу “Монгол Улсад хэрэгжиж буй төслүүд дундаас Дэлхийн банкны энэхүү “Экспортыг дэмжих төсөл” нь ноолуурын салбарыг цаашид урагш ахихад том алхам болж үр өгөөжөө өгч байна. Мөн энэхүү салбарт ажиллагсдын 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд бөгөөд төслийн хүрээнд ноолуурын салбарыг онцгойлон сонгож эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж байгаа” гэдгийг онцлов.

Харин УИХ гишүүн, “Монголын ноос, ноолуурын холбоо”-ны тэргүүн, УИХ гишүүн Ж.Бат-Эрдэнэ “2017 оноос хойш 75 аж ахуй нэгж энэхүү төсөлд хамрагдсан. Бид хамрагдах аж ахуй нэгжүүдийн тоог улам ихэсгэх хүсэлтэй байгаа. Тийм учраас энэ төслийн хүрээнд манай холбооноос хүргүүлэх санал байна. Төсөлд хамрагдаж байгаа аж ахуй нэгжүүдийн чадавхыг борлуулалтын орлогоор нь тодорхойлж буй. Өөрөөр хэлбэл, нэгж жил ашигтай ажилласан, холбогдох байгууллагаар баталгаажсан тайлангаар аж ахуй нэгжийн жилийн борлуулалтын орлого нь жилд 10 мянган ам.доллароос гурван сая ам.долларын /25 сая төгрөгөөс-7.5 тэрбум төгрөг/ хооронд байх гэсэн шалгуур тогтоосон байдаг. Үүнийг буюу босго үзүүлэлтийг өндөрсгөж, ноолуурын компаниудыг олноор нь бодлогоор дэмжин ажиллая” хэмээн саналаа илэрхийлсэн юм.

 Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл”-ийн Монгол Улсыг хариуцсан удирдагч Үллэ Лохмус“Дэлхийн банкнаас Монгол Улсад олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаагаас “Экспортыг дэмжих төсөл” нь эдийн засгийг солонгоруулан, хөгжүүлэхэд чиглэсэн цорын ганц төсөл. Энэхүү төсөл нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 81 аж ахуй нэгжид хөрөнгө оруулснаас талаас илүү нь ноос, ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд байсан. Санхүүгийн дэмжлэгийн хүрээнд компаниудын борлуулалтын орлогыг 7.5 тэрбумаас дээш байх гэсэн санал гаргасанд таашаалтай байна. Өнгөрсөн жил хийгдсэн эрсдэлийн үнэлгээний дүнгээс энэхүү 7.5 тэрбум төгрөгийн босгыг дээшлүүлэх санал гараад байсан юм” хэмээн саналыг эерэгээр хүлээн авч, ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэдгээ хэлэв. Мөн тэрбээр энэхүү төслийн үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газраас төдийлөн дэмжихгүй, зогсонги байгаа гэдгийг хэлэхээс гадна төслийн үйл ажиллагааг цаашид явуулахад төрийн үүрэг, оролцоо ихээхэн чухал байгааг чухалчлан дурьдлаа.