“Монголын хаан ширхэгт” гэрчлэх тэмдэгтийн баталгаажуулалтыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн эхний сургалт, семинар өчигдөр буюу 2019.3.38-нд боллоо.

Энэ үеэр “Монголын хаан ширхэгт” гэрчлэх тэмдэгтийг баталгаажуулах хөтөлбөрийн бүтэц зохион байгуулаглалт, талуудын оролцоо, ажлын явцын талаар ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын  хэрэгжилтийн газрын ноос, ноолуурын салбарын мэргэжилтэн В.Болормаа танилцуулсан бол “Техникийн Туслалцаа” төслийн ноос, ноолуурын олон улсын зөвлөх Рой Кенттелвел Олон улсын туршлагад суурилсан “Монголын хаан ширхэгт” гэрчлэх тэмдэгтийн баталгаажуулалтын хэрэгжүүлэх хөтөлбөрийн схем, “Монголын хаан ширхэгт” ажлын явц, хэрэгжилт, “Монголын хаан ширхэгт” тэмдэгт бүтээгдэхүүний стандартын эхний төслийн талаар танилцуулан, сургалтад оролцогчдод мэдээлэл хуваалцсан юм.

Түүнчлэн Монголын ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “Монголын хаан ширхэгт” гэрчлэх тэмдэглэгээний талаарх ажлын явц, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааныхаа тухай илтгэв. Тэрбээр ““Монголын хаан ширхэгт” баталгаажуулалтын хөтөлбөрийн гол зорилго нь Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөж, өрсөлдөх чадварыг  дээшлүүлэхээс гадна дэлхийн стандартад нийцсэн  ноос, ноолууран бүтээгдэхүүн гэдгийг тодорхойлж, баталгаажуулахад оршиж байгаа юм. Монголын Хаан Ширхэгт баталгаажуулалтын  хөтөлбөрийг Монголын ноос, ноолуурын холбоо хэрэгжүүлэх бөгөөд лицензийн гэрээтэй  үйлдвэрлэгчийн  зөвхөн чанарын шаардлага хангасан баталгаажсан бүтээгдэхүүнд  Монголын хаан ширхэгт тэмдгийг ашиглахад баталгаа гаргаж өгөх юм. Монголын Хаан Ширхэгтийг ашиглах хүсэлтэй компаниудын хүсэлтийг Монголын ноос, ноолуурын холбоо хүлээж  авч лицензийн гэрээ байгуулан ажиллана” гэдгийг онцлон дурьдав.

Мөн “Монголын ноос, ноолуурын холбоо” баталгаажуулалтын эрх бүхий ISO 17065 стандартыг авахад Азийн Хөгжлийн Банкны “Техникийн туслалцаа” төслөөс санхүүжилт гарган баталгаажуулалтын албыг дэмжиж ажиллахаар болсон байна.