Монгол улс жилд 9600 орчим тонн ямааны ноолуур, 1400 тонн тэмээний ноос, 120 тонн сарлагийн хөөвөр, нийтдээ 10 мянга гаруй тонн ноолууран түүхий эд бэлтгэж байгаа хэдий ч, үйлдвэрлэж, экспортолж байгаа эцсийн бэлэн бүтээгдэхүүний тоо, хэмжээ маш бага байна. Иймээс Монгол Улсын Засгийн газраас 2018 онд “Ноолуур” хөтөлбөрийг баталж, жилд бэлтгэх нийт түүхий эдийн 60 хүртэл хувиар эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоохон зорилтыг дэвшүүлсэн.

“Ноолуур” хөтөлбөрт ээрэх үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, одоогийн хүчин чадлын ашиглалтыг нэмэгдүүлэхээр тусгасан ба манай улсын ноолуурын салбарын үйлдвэрүүд Итали улсад үйлдвэрлэсэн ээрмэлийн болон лабораторийн шилдэг тоног төхөөрөмжийг ашиглаж байна.

Сүүлийн жилүүдэд Монголын Ноос, ноолуурын холбоо, Итали улсын машин тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо /АЧИМИТ/, түүний гишүүн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж, түүхий эд бэлтгэн нийлүүлэхээс эхлээд эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх технологийн бүх шат дамжлагуудад ноу-хауг нэвтрүүлэх, боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, дэлхийд өрсөлдөх шинэ загвар дизайн бүхий бүтээгдэхүүнийг бий болгох, Монголын ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд сурталчлах зэрэгт амжилттай хамтран ажиллаж байна.

Энэ зорилгын хүрээнд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн яам хооронд “Нэхмэлийн салбарт хамтран ажиллах тухай” эрмэлзэх бичиг гарын үсэг зурлаа. Энэхүү эрмэлзэх бичигт нэхмэлийн салбарын үйл ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх улмаар эдийн засгийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор “Нэхмэлийн технологийн дамжуулах төв”-ийг Монгол улсад байгуулахаар тохиролцов.

“Технологи дамжуулах төв”-ийг байгуулснаар ноолууран бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, боловсон хүчний мэргэжлийн чадварыг бүх түвшинд сайжруулах, Италийн “ноу хау” арга туршлага, дэвшилтэт технологийг Монгол Улсад нутагшуулснаар Монголын нэхмэлийн үйлдвэрлэлийн хөгжлийг хурдасгах, үйлдвэрлэлийн явц, менежментийн ур чадварын давуу талуудыг бий болгож дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.