"Монголын хаан ширхэгт" гэрчлэх тэмдэгтийг баталгаажуулах хөтөлбөрийн бүтэц, зохион байгуулалт" сэдэвт семинар өнөөдөр (2018.12.19) Сити тауэр зочид буудлын 2 давхарын хурлын танхимд боллоо. Семинарт ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, тус яамны мэргэжилтэн В.Болормаа, Азийн хөгжлийн банкны "TA-8960 MON: Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих" төслийн хамт олон, Монголын ноос ноолуурын холбооныхон болон бусад албаны хүн, үйлдвэрлэгчийн төлөөлөл оролцлоо.

Оролцогчид "Монголын Хаан Ширхэгт" гэрчлэх тэмдэгтийг баталгаажуулах хөтөлбөрийн бүтэц зохион байгуулалт, талуудын оролцоо, уг тэмдэгтийг олгох зарим эрх үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, "Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих" төслийн явц, бүтээгдэхүүний баталгаажуулалт, чанарын тохирлын үнэлгээ хийх, сорил болон итгэмлэгдсэн лабораторийн оролцоо зэрэг асуудалд төвлөрч ярилцсан.

Уг семинарыг "Ноолуур" хөтөлбөрт тусгасан "Монгол ноолуурын өнгө, давуу шинж чанарт тулгуурлан "Монголын Хаан Ширхэгт" брэндийг хөгжүүлж, зах зээлд таниулах, сурталчлах" гэсэн ажлын хүрээнд зохион байгуулсан юм.

"Монголын хаан ширхэгт" гэрчлэх тэмдэг бол зөвхөн нэг брэндийг хөгжүүлэх тухай асуудал биш. Тус тэмдгийг эзэмшигч ХХААХҮЯ, гүйцэтгэх байгууллага Монголын ноос ноолуурын холбоо, дэмжигчид болох олон улсын төсөл, хөтөлбөрүүд, баталгаажуулалтын байгууллага, итгэмжлэгдсэн лаборатори, тэмдгийг ашиглагч аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа, хамтын хяналт дээр үндэслэгдсэн, чанарын тогтолцоогоор баталгаажсан бөгөөд Монголын ноос ноолуурыг дэлхийн зах зээлд гаргах маркетингийн томоохон хэрэгсэл.

Цаашид Азийн Хөгжлийн Банкны төслийн баг, ХХААХҮЯамны ажлын хэсэг, Монголын ноос ноолуурын Холбоо хамтран уг гэрчлэх тэмдгийн ажлыг хурдавчлуулж, сайн үр дүнтэй ажиллах зорилтыг тавин хурлыг хаалаа.