Япон Улсын Ерөнхий сайдын урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийх айлчлалтай холбоотойгоор энэ оны 12-р сарын 12-13 ны өдрүүдэд Монгол Японы Засгийн газар, хувийн хэвшлийн 9 дүгээр зөвлөлдөх уулзалт Токио хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Монгол талаас Гадаад харилцааны сайд Цогтбаатар, Япон талаас ЭЗҮХЯ-ны дэд сайд Сэки, Гадаад харилцааны дэд сайд Цүжи нар засгийн газрыг төлөөлөн мэндчилгээ дэвшүүлэв. 

    Уулзалтад монголын талаас Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ, СЯ, Үндэсний хөгжлийн газар, Улсын бүртгэлийн газар, Гадаадын иргэн харьяатын газар, МҮХАҮТ, МННХ зэрэг байгууллагууд, японы талаас Эдийн засаг, үйлдвэр худалдааны яам, Гадаад хэргийн яам, ЖАЙКА, ЖЕТРО, Япон-Монголын эдийн засгийн хороо, Хоккайдо Монголын эдийн засгийг харилцааг дэмжих нийгэмлэг зэрэг байгууллагууд, хоёр орны хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.   

   Арга хэмжээний зорилго нь хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, цаашдын боломжуудын тухай хэлэлцэхэд оршиж байсан. Мөн уулзалтын үеэр Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, хамтын ажиллагааны боломжийн тухай Японы албаны болон бизнесийн төлөөлөгчдөд мэдээлэл өгж Монгол улсаас хувийн хэвшлийг төлөөлөн Монголын Ноос Ноолуурын Холбооны Гүйцэтгэх Захирал Д.Алтанцэцэг илтгэл тавьж ноолуурын салбарыг өргөн хүрээтэйгээр ярьсаныг цохон тэмдэглье.