Япон улсын Токио хотноо 10 дугаар сарын 22-24-ний хооронд зохиогдсон “World Fashion” үзэсгэлэн яармагт манай улсаас “Mongolian cashmere” нэрийн дор ноолуурын 13 компани бизнес түншээ олох, гадаад харилцаагаа өргөжүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа танилцууллаа. Энэхүү үзэсгэлэн яармагийн хүрээнд Монголын Ноос Ноолуурын Холбооноос зохион байгуулсан цуврал арга хэмжээнд Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам болон Японы Эдийн засаг худалдааны яам, агентлаг, компаниудын төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцов. Энэ үеэр Монгол ноолуурын онцлог, давуу тал болон бүтээгдэхүүнээ Японы зах зээлд гаргах боломж, хэрхэн нийлүүлж байгаа талаар Монголын Ноос, Ноолуурын Холбооноос илтгэл тавьж, Монгол дуу бүжгийн бэсрэг тоглолт, ноолуурын компаниуд брэнд бүтээгдэхүүнээ танилцуулах загварын шоу боллоо. Тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагч Монголын Ноос Ноолуурын Холбоо нь 1993 онд байгуулагдсан цагаасаа эхлэн монголыг ноолуурын орон гэдгийг дэлхийд таниулахад олон талт ажлыг хийж ирсэн бөгөөд ноолуурын салбарыг хөгжүүлэх бодлого, стратегийг хэрэгжүүлдэг гол байгууллага болж чаджээ.

Одоогоор Японд “Говь”, “Snow fields”, “Uujin” компаниуд бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа ажээ. Энэ өдрүүдэд Монголын компанийн ажилтнуудад зориулсан сургалт болж, үйлдвэрлэгчдийн зүгээс юуг анхаарах, дэлхийн зах зээлд ямар стандарт шаардаж байгаа талаар зөвлөмж, мэдээлэл өгсөн юм. Монголд үйлдвэрлэж байгаа массын бүтээгдэхүүн япон хэрэглэгчдэд нийцэхгүй. Энэ нь тэдний сэтгэл зүй, мэдрэмж, ахуй орчин өөр байдагтай ч холбоотой. Хэрэглэгчид нь чанар, стандартын өндөр шаардлага тавьдаг. Эко, байгаль орчинд ээлтэй байх, гарал үүсэл нь маш тодорхой байх ёстой, мөн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн стандартын бичгийг авсан байх ёстой” зэрэг үйлдвэрлэгчдэд хэрэгтэй олон асуудлыг хөндөж ярьсан байна. Японы зах зээлд бүтээгдэхүүнээ гаргая гэвэл олон улсын ISO юмуу Японы JIC тэмдэглээг хянаж үздэг гэнэ. Эдгээрийг авчихвал Японы зах зээлд илүү нэвтрэх боломжтой, хэрэглэгчдэд илүү итгэл үнэмшил өгдөг юм байна. Япон хүний мэдрэмж, таашаалд нийцсэн, загвар дизайн сайтай, дээр нь олон улсын стандарт итгэмжлэлийн тэмдэглээтэй бол илүү танигдаж, байнгын үйлчлүүлэгчид ихсэх нь лавтай. Япончуудын хувьд ноолууран бүтээгдэхүүн тансагт тооцогдож байсан бол сүүлийн жилүүдэд жирийн хэрэглээ болж буй аж. Мөн экспортын ноолууран бүтээгдэхүүн японд татваргүй орж ирэх болсон тул Монголын компаниуд Японы зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах сонирхол ихэсчээ. Түүнчлэн Японы талаас  Монголд ээрхийн хөрөнгө оруулалт хийх боломж, ээрмэл утасны  чанарыг сайжруулах, хүний нөөцийг чадавхижуулах, Японоос ээрэхийн мэргэжилтэн авах, зөвлөх үйлчилгээ авах талаар хандсан байна.

Манай улс дэлхийн ноос ноолуурын түүхий эдийн ихэнхийг хангадаг ч дөнгөж 20-30 хувийг эцсийн бүтээгдэхүүнээр гаргаж байгаа аж. Энэ нь нэмэгдсэн өртгөөр бага ашиг олж байна гэсэн үг. Цаашид маркетинг борлуулалтын нарийн бодлого боловсруулах, “Цагаан алт” гэгддэг энэхүү үндэсний баялгийг дэлхийд гаргах талаар төрөөс нэгдсэн бодлого барьж, дэмжих нь зайлшгүй чухал болжээ гэдгийг онцолмоор байна.