Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсад айлчилж буй АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Гадаад бодлогын байнгын хорооны Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн дэд хорооны дарга Т.Ёохо тэргүүтэй Конгрессын төлөөлөгчдийг ГХЯ-нд хүлээн авч уулзав. 

Конгрессын төлөөлөгчид мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нарт тус тус бараалхаж, УИХ-ын дахь Монгол, Америкийн найрамдлын бүлгийн гишүүдтэй уулзана. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүд 2016 онд Монгол Улсад айлчилж байсан. Т.Ёохо тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн 7 дугаар сард АНУ-ын Конгресст өргөн барьсан Монголын ноолууран болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд тарифгүй нэвтрүүлэх тухай Монгол Улсын Гуравдагч хөршийн худалдааг дэмжих хуулийн төслийн талаар монголын талтай ярилцаж, санал солилцлоо.