АНУ-ын Конгрессийн гишүүн Дина Тайтус, Тед Ёохо нар Монголд үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлөх агуулгатай хуулийн төсөл өргөн барьсан нь эдийн засгийн сайн мэдээ боллоо. Конгресс тэдний өргөн барьсан Монголын гуравдагч хөршийн худалдааг хөнгөвчлөх хуулийн төслийг батлах өндөр магадлалтай гэж эдийн засагчид хэлж байна. Хатагтай Дина Тайтус хуулийн төслөө өргөн барихдаа “Монголын ноос ноолуурын салбарт ажиллагсдын 90 хувь нь эмэгтэйчүүд. Ер нь бүсгүйчүүд аливаа улс орны эдийн засагт том үүрэг гүйцэтгэдэг. Тэднийг дэмжсэнээр Монголын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх боломжтой” хэмээн онцолжээ. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн өнцөг энэ хуулийн төслийг ногоон гэрлээр батлагдахад том нөлөө үзүүлэх нь тодорхой. Ноолуурын зах зээлийн дэлхийн гол тоглогч бол Хятад. Хятадтай өрсөлдөгч гэвэл манай улс. Си даргатай таагүй харилцаатай, байсхийгээд л татварын өндөр тоогоор өрсөлдөж суугаа энэ үед Хятадынхаас дутахгүй чанартай монгол ноолуур Трампын сонирхлыг татах нь мэдээжийн хэрэг. Өөр нэг шалтгаан, сэжим нь Дэлхийн худалдааны байгууллага. Монголын ноос, ноолуурын холбооныхон Дэлхийн худалдааны байгууллагын дэргэдэх ITC буюу Олон улсын худалдааны төвийн эртний түнш. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн малгай доор ноос, ноолуурын салбарыг дэлхийд таниулах, гаргах ажлуудыг ITC-тай хамтран хийсээр өнөөг хүрсэн юм. Дэлхийн худалдааны байгууллага эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоог чухалчлахаас гадна монополь том зах зээл бүхий гүрнүүдээс илүүтэйгээр бага орлого, жижиг эдийн засагтай улсуудыг худалдаагаар нь дамжуулж дэмжих бодлого барьж буй. Тэгэхээр Дэлхийн худалдааны байгууллагын энэ зорилго ч Монголын ноолуурыг Америкт татваргүй гаргахад тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа нь тодорхой.

Монгол ноолууран бүтээгдэхүүн АНУ-ын Конгрессийн анхааралд орж буй энэ үйл явдлын талаар үндэсний үйлдвэрлэгчдийн сэтгэгдлийг сонссон юм. Бидний хандсан үйлдвэрлэгч бүр АНУ хэмээх экспортын шинэ суваг нээгдвэл Монголын ноолуурын салбарынхан дэлхийн тоглогч болно гэцгээж байв. “Хан богд кашмер” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганцэцэг “Манайх Итали, Англи, Энэтхэг, Солонгос зэрэг орнуудад бүтээгдэхүүнээ экспортолдог. Ирэх хоёр жилийн дотор эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Экспортын шинэ суваг нээгдэж байгаа нь дотоодын үйлдвэрүүдэд том давуу тал” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Швейцарь, Англи, Солонгос руу сүлжмэл бүтээгдэхүүн экспортолдог “Алтай кашмер” ХХК-ийнхан ч энэ үйл явдалд олзуурхаж байна. “Сноу Филдс” ХХК-ийн захирал Л.Жаргалан “Манайх сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж Япон, Солонгос, Орос, Европын зарим орон руу экспортолдог. Татваргүйгээр Америкийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаад эхэлбэл хамгийн том өрсөлдөгч Хятадтай өрсөлдөх боломж бүрдэнэ” гэлээ. Монголын ноолуурын салбарын номер нэг аж ахуйн нэгж, дэлхийн зах зээл дээр нэгэнт танигдсан компани бол “Говь”. Тус компанийн Гадаад худалдаа эрхэлсэн дэд захирал О.Оч “Манай компани Америкийн зах зээлд хэдийн гарсан. Энэ том зах зээлд гарахыг оролдож байгаа бусад компанид нааштай алхам болж байна. Америкийн зах зээлд татваргүйгээр бүтээгдэхүүнээ нийлүүлээд эхэлбэл борлуулалт нэмэгдэнэ, борлуулалтаа дагаад ажлын байр өснө. Ноолуур, түүхий эдийн нөөцийг ашиглах хэмжээ ихэсч эдийн засагт өгөөжөө өгнө. Товчхондоо татварын асуудлыг шийдсэнээр бидний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ” гэв.

Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгийн сэтгэгдлийг сонирхоход “Америк бол Европын холбооны дараа ордог хамгийн том импортлогч. Ийм зах зээлд гарах нь Монголын ноолуурыг дэлхийд таниулах, сурталчлахад чухал алхам болно. Бид ICT-тэй 2014 оноос хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд бид Монголын ноолуурын салбарын эмэгтэйчүүдийн чадавхыг сайжруулах, гадаад зах зээлд гаргахад олон ажлыг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. ITC-гийн захирал хатагтай Аранча Гонзалес ирэх есдүгээр сард Монголд айлчилна. Бид АНУ-ын зах зээлд Монголын ноолууран бүтээгдэхүүнийг гаргахын тулд Америкийн ноолуурын томоохон үзэсгэлэнгийн нэг Нью-Иоркийн “Fashion Coterie”-т тасралтгүйгээр таван жил оролцсон. Энэ жил мөн оролцохоор бэлтгэж байна. Ганц энэ үзэсгэлэнгээр тогтохгүй, Лас Вегас гэх мэт Америкийн томоохон хотуудад болдог үзэсгэлэнгүүдэд идэвхтэй оролцсоор ирлээ. Монголын гуравдагч хөршийн худалдааг хөнгөвчлөх хуулийн төслийг өргөн барьсан явдлыг ноолуурын салбарын эмэгтэй бизнес эрхлэгчид баярлаж хүлээн авч байна. Энэ хуулийн төслийг Конгресст өргөн барих санаачилгыг гаргаж, идэвхтэй ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон ажлын хэсгийнхэнд нь ноолуурын салбарын эмэгтэйчүүдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлмээр байна. Америкийн конгресст энэ хуулийн төсөл өргөн баригдана гэдэг бидний хувьд өндөр амжилт. Хэрвээ уг хуулийн төсөл батлагдвал ноолуурын салбарынханд маш том боломж нээгдэнэ. Боломж нээгдэхийн хэрээр том хариуцлага, их ажил биднийг хүлээж байна” хэмээн ярилаа.

Төр, хувийн хэвшил хамтарч байж л Америкийн зах зээлд амжилттай гарна гэв

Бид “Конгресс хуулийн төслийг баталчихвал Америкийн зах зээлд гарахад бэлэн үү” гэсэн асуултыг ноос, ноолуурын салбарынханд тавьсан юм. Төр хувийн хэвшил хүчтэй хамтарч ажиллаж байж ноолуурын салбарынхан Америкийн зах зээлд амжилттай гарч чадна гэж Монголын ноос, ноолуурын холбооныхон онцолж байна.

“Сноу Филдс” ХХК-ийн захирал Л.Жаргалан ”Их хэмжээний бүтээгдэхүүн экспортлох талаар яригдаж байгаа учраас түүхий эдийн асуудал үүснэ. Түүхий эдээ авч үлдмээр байна. Үүн дээр төр засгийн бодлого хэрэгтэй. Түүхий эд худалдаж авах бага хүүтэй, урт хугацаатай эргэлтийн хөрөнгийн зээлээс эхлээд зайлшгүй хэрэгтэй дэмжлэгүүд бий. Өнөөдрийн тухайд бид түүхий эдийнхээ багахан хувийг арай гэж л дотооддоо авч үлдэж байна. Түүхий эдээ авч үлдлээ гэхэд боловсруулж чадахгүй байна” гэлээ.

“Хан богд кашмер” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганцэцэг Их мөнгөн дүнгээр бага үнэлгээний олон ширхэг бүтээгдэхүүн захиалдаг нь Америкийн гэрээнүүдийн онцлог. Бидэнд тэр эрэлтийг хангах боломж бий юу гэдэг асуултыг тавих хэрэгтэй. Хүчин чадлаа нэмж, технологио шинэчлэх шаардлагатай. Энэ тал дээр төр засгийн бодлого, дэмжлэг хэрэгтэй. Зөвхөн компаниуддаа найдаад орхиж болохгүй асуудал. Хятад улс хүний нөөц, хүчин чадлаараа давуу учраас Америкийн зах зээлд олон жил монополь байгаа” хэмээн ярилаа.

Ноолуурын компаниудын хувьд хамгийн эрэлттэй дэмжлэгийн нэг нь бага хүүтэй, урт хугацаатай зээл юм байна. “Ноолуур” хөтөлбөрийн зээл сарын нэг хувийн хүүтэй, элдэв шимтгэл, хураамжийг нь нэмэхээр арилжааны банкны хүүнээс ялгардаггүй аж. Өнөө жил цөөн том үйлдвэр л “Ноолуур” хөтөлбөрийн зээлд хамрагджээ. Хөтөлбөрийн зээлийн хүүг багасгаж, хугацааг нь уртасгавал үйлдвэрлэлийнхээ технологийг шинэчилж, хүний нөөцийн асуудлаа шийдэж, түүхий эдээ ахиухан нөөцлөх боломж бүрдэнэ гэж Монголын ноос, ноолуурын холбооныхон ярилаа. Түүхий эдээ бэлтгэх хугацаа дууссаны дараа зээлийн мөнгө нь орж ирдэг гэсэн зовлон өнөөдөр ч арилаагүй юм байна. Цаг нь дуусчихсан үед орж ирсэн зээлийнхээ мөнгийг дансандаа байршуулж хүүг нь төлөөд яваа компаниуд ч бий аж. Ээрэх үйлдвэрээ хөгжүүлж байж дэлхийн зах зээлд Хятадтай өрсөлдөнө гэсэн санал хэлэх хүн олон таарав. Монголын ноос, ноолуурын холбооны дэд ерөнхийлөгч Г.Ёндонсамбуу гэхэд л “Ээрэх үйлдвэрийн асуудлыг маш өндөр түвшинд тавьж шийдмээр байна. Нэгэнт ийм явдал болж байгаа учраас Ерөнхийлөгч Засгийн газарт шаардлага тавьж, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд тусалж дэмжих хэрэгтэй. Зоригтой шийдэж байж л бид АНУ-ын зах зээл дээр амжилттай гарна” хэмээн ярьсан юм.

Хятад улсын төр ноолуурын салбараа хүчирхэгжүүлэхийн тулд “Дэлхийд гарах бодлого” гэж хэрэгжүүлжээ. Техник технологийн шинэчлэлдээ 560 сая юань, инноваци, зөвлөх үйлчилгээ, оюуны өмчийг хамгаалахад 800 сая юань зарцуулсан тооцоо гарсан байна. Брэнд хөгжүүлэлтдээ бүр онцгой анхаарчээ. Ноолуурын үйлдвэрлэлийнхний технологио сайжруулахаар авсан зээлийн 30-40 хувь, эсвэл гурван сая юаньтай тэнцэх хэмжээний зээлийн хүүг орон нутгийн хөгжлийн сангаас нь нөхөн олгодог юм байна. Ноолуурын өндөр гарцтай нэг ухнад 800 юанийн урамшуулал хүртэл өгсөн жишээ урд хөршид байна. Хятад улс ноолуурын салбараа дэлхийн тавцанд гаргаж чадсан нь төр засгийнх нь дэмжлэгтэй салшгүй холбоотойг эдгээр жишээнээс харж болно. Төрийн оролцоогүйгээр аж үйлдвэр, ноолуурын салбар хөгжсөн жишээ дэлхийн хаана ч байхгүй гэж ноолуурын салбарынхан онцолж байна. Ноолуурын салбар түүхий эд нь маш үнэтэй гэсэн онцлогтой гэнэ. Тийм учраас аль ч улсын үйлдвэрүүд үнэ өндөр түүхий эдээ өөрсдөө авч хүчирдэггүй аж. Харин ч бор зүрхээрээ зүтгэж арилжааны өндөр хүүтэй зээл авч тоног төхөөрөмжүүдээ бүрэн автоматжуулж чадсан гэж үйлдвэрлэгчид ярьж байв. Ийм хүнд нөхцөлд ажилладаг хэрнээ дэлхийд гарах маш том бодлоготой урд хөрштэй өрсөлдөж яваа ноолуурын салбарынхан төрийн онцгой дэмжлэгтэйгээр л АНУ-ын өгөх боломжийг ашиглаж чадах нь. Үйлдвэрлэгчидтэй уулзах үеэр ийм бодол төрсөн юм.

Монгол ноолуур гэдэг нэрийг дэлхийн зах зээлд гаргаж, чанарыг нь таниулахад туслах “Монголын хаан ширхэгт” тэмдгийг 2011 онд гаргасан ч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж чадаагүй байна. Яамны зүгээс монгол ноолуурын чанарыг гадны оронд гэрчлэх энэ тэмдгийг баталгаажуулах тал дээр хойрго хандсаар өнөөдрийг хүрчээ.

105 тэрбум ам.долларын зах зээл бидний өмнө байна

Манай улсын ноолуурын салбарынхны хувьд АНУ, Европын холбоо, ОХУ, Казахстан, БНХАУ, Өмнөд Солонгос, Япон, Канад, Австрали руу экспорт хийж байна. Монгол ноолуурыг татваргүй импортлох агуулгатай хуулийн төсөл Конгрессийнх нь анхаарлын төвд орсон АНУ-ын бэлэн хувцасны зах зээлийн багтаамж нь 326 тэрбум ам.доллар аж. Нэхмэл сүлжмэл хувьцасны зах зээл нь 105 тэрбум ам.доллар гэсэн аварга тоо дуулдлаа. Цаг агаарын байдлаас болж ноолуур ба торгоны хольцтой сүлжмэл эдлэлийн хэрэглээ жилээс жилд нэмэгдсээр байгаа юм байна. АНУ-ын зах зээлийн өөр нэг онцолж хэлэх тал нь байгальд ээлтэй органик үйлдвэрлэл, ёс зүйтэй хувцас үйлдвэрлэл, нийгмийн хариуцлагатай үйлдвэрлэгчийн шалгуур тавьдаг гэж Монголын ноос, ноолуурын холбооныхон сонирхууллаа. Манай улсын ноолуурын салбар энэ шаардлагад нь нийцдэг гэж мэргэжлийнхэн онцолж байна. Сүүлийн үед Америкт нимгэн, хөнгөн технологи, минимал загвар голлож байгаа гэнэ.