Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

“10 ИХ НАЯД”-ЫН ХӨТӨЛБӨРӨӨС “АДЛАГДСАН” НООЛУУРЫН САЛБАР

“10 ИХ НАЯД”-ЫН ХӨТӨЛБӨРӨӨС “АДЛАГДСАН” НООЛУУРЫН САЛБАР

-Хаалгаа барихад хүрсэн ноолуурын салбарыг дэмжих бодлого хөрсөн дээрээ буухгүй байна-

            Дэлхий дахиныг нөмөрсөн “Ковид 19” вируст цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн хувьд хамгийн хүнд хохирол амсч буй салбар бол яах аргагүй ноос, ноолуурын салбар. Өнгөрсөн 2020 онд салбарын борлуулалт 50 хувиар буурч, үйлдвэрлэлийн сул зогсолт 40 хувьд хүрснээр ажлын байрны цомхотгол ч тодорхой хүрээнд үүссэн. Үйлдвэрүүдийн экспортын гэрээнүүдийн 80 хувь нь цуцлагдсанаар ихээхэн хэмжээний алдагдалд орж, үйлдвэрүүд эхнээсээ дампуурах эрсдэлд оржээ. 

            Тэгвэл 2021 онд ч энэ салбарт нөхцөл байдал сайжраагүй, дээрх тоон үзүүлэлтүүд улам нэмэгдэх тухай Монголын ноос ноолуурын холбооноос мэдэгдэж  байна. Цар тахлын хугацаанд эргэлтийн хөрөнгөгүй болсон компаниуд түүхий эдээ бэлтгэж чадахгүйгээр 80 хувь нь БНХАУ руу экспортолсон бөгөөд энэ оны сүүлч гэхэд энэ тоо 90 хувьд хүрч болзошгүй гэнэ. Ингэснээр монгол ноолуурын үнэ ханш унах, монгол үйлдвэрүүд өрсөлдөх чадвараа гадаад зах зээлд алдах маш том эрсдлийг үүсгэж байгааг салбарынхан анхааруулж эхэллээ.

            Монгол Улсын стратегийн гол бүтээгдэхүүний нэгээр нэрлэгддэг ноолуурын салбарт төр засгаас барих бодлогын баримт бичиг, төсөл хөтөлбөрүүд жил бүр гардаг. Гэвч бодит хөрсөн дээрээ хамгийн муу хэрэгждэг болчихоод байна. 

            Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хороо 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар “Ноос, ноолуурын салбарт хэрэгжих зарим арга хэмжээний тухай байнгын хорооны тогтоолын төсөл” батлагдаж байв. Уг тогтоолд:

       Ноолуурын салбарт 200.0 тэрбум төгрөгийн зээл, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд 70 тэрбум төгрөгийн зээлийг 3 хүртэлх жилийн хугацаатай жилийн 3 хувийн хүүтэйгээр түүхий эд бэлтгэл тэй уялдуудан олгох. 

       2023 оноос угаасан ноолуурыг хилээр гаргахгүй байх, самнаж, боловсруулсан ноолуур буюу хялгасыг ялгасан ноолуурыг бусад улс руу нийлүүлэх.

       Төрийн албан хаагчийн сурагчийн дүрэмт хувцсыг дотооддоо үйлдвэрлэж төрийн худалдан авалтыг нэмэгдүүлэх зэргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд даалгаж байв.

            УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны энэхүү тогтоол хаалгаа барихад хүрээд байгаа үйлдвэрүүдийн хувьд маш том дэмжлэг бүхий төрийн бодлого байв. Гэвч нөгөө л хөрсөн дээр буудаггүй “монгол зарчмаар” тогтоолын төслийн хэрэгжилт туйлын хангалтгүй байгааг үйлдвэрүүд, мэргэжлийн холбоод толгой сэгсрэн хэлцгээж байна. 

            Угтаа Монгол Улсын Засгийн газраас дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбогдуулан баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд”-ын цогц төлөвлөгөөнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл олгохоор тусгасан билээ. Цар тахлын үеийн хөл хорионы улмаас компаниудын орлого буурч, түүхий эд бэлтгэл оройтсон энэ хүнд үед 3 хувийн хүүтэй шинэ зээл болон дахин санхүүжилт хийснээр малчдын орлого өсч, Монгол Улсын экспортод уул уурхайн бус салбарын бүтээгдэхүүний хэмжээ тогтвортой хадгалагдах том боломж, бодит дэмжлэг болох нь хэмээн салбарынхан ам сайтай байсан нь саяхан. 

            Гэвч ноолуур бэлтгэлийн зориулалттай зээлийн олголт туйлын хангалтгүй байгаа аж. Монголбанкны мэдээллээр ноолуур бэлтгэлийн зээл авахаар 54 харилцагч 166,0 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг арилжааны банкуудад хандан гаргасан боловч одоогоор 36 компани 91 тэрбум төгрөгийн зээлийг авчээ. Энэ нь УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны тогтоолд заасан 200 тэрбумын зээл олгох ажлын тал хувьд ч хүрэхгүй байна. Банкууд зээлийг судалж байгаа гэж хугацаа их алддаг, татгалзсан, зээл олгох хугацаа дууссан зэрэг шалтагаар компаниудыг үүдэн дээрээсээ буцааж байна. Цаанаа бол банкууд зээлийн эрсдэлийг хүлээх заалттай учраас татгалзах үндэслэл болж буй гэх. 

            Ерөөс энэ салбар банкны зээлээр урагшилдаг. Зээлтэй холбоотой хүндрэлтэй маш олон асуудал байдаг гэлцдэг. Жил бүр зээл олголттой холбоотой Засгийн газрын шийдвэр гардаг. Улирлын чанартай салбар учраас жил эхлээд 3 дугаар сар гэхэд төр засгийн шийдвэр гарч, хангасан компаниуд банкнаас зээлээ аваад ажлаа эхлүүлчих шаардлагатай болдог. Гэтэл Засгийн газрын шийдвэр гарах гэж хүлээгддэг, гарсны дараа банкууд зээл судалж байгаа нэрээр хугаца алдсаар нэг үйлдвэр зээл 3-6 сарын дараа л зээлээ авч чаддаг. Тэгтэл түүхий эд бэлтгэлийн хугацаа аль эрт өнгөрчихсөн, сайн чанартай ноолуур нь урд хөршийн ченжүүдийн гарт аль эрт орчихдог нь нууц биш болсон.

            Цар тахлын хүнд үед ч өнөөдөр үндэсний үйлдвэрүүд төрийн дэмжлэгийг шуурхай авч чадахгүй сууцгаана. Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд”-ын цогц хөтөлбөр шувтарч байгаа энэ үед ноолуурын салбарт хэрэгжиж байгаа ажил тал хувьдаа ч ороогүй байна. 

Өнөөдөр үйлдвэрүүд бүтээгдэхүүн үйлдвэрлэх эргэлтийн хөрөнгөгүй, экспортлох гэрээгүй Засгийн газрын үйл хөдөлгөөнийг л хий дэмий харж сууцгаана. 

            Тэд Монгол Улсын экспортын салбарт гол бүтээгдэхүүн, цагаан алт гэгддэг ноолуурын салбарт дэлхий нийтэд тархаад байгаа “Ковид-19”-ийн нөхцөл байдлаас шалтгаалан экспортын борлуулалт буурсан, гадаадын жуулчид орж ирэхгүйгээс дотоод борлуулалт өмнөх онуудаас огцом буурсан ийм хүнд үед зээлийн хэвийн үлдэгдэлтэй компаниудад Засгийн газраас үзүүлж байгаа хөнгөлөлттэй зээлээс авах боломжийг  ижил тэгш олгох хэрэгтэй байгааг дуу нэгтэйгээр онцолж байна. Ялангуяа хөнгөлөлттэй зээлийн дахин санхүүжилтийн 30 хувь гэсэн тодорхой заалтаас татгалзах шаардлагатай гэж тэд үзэж байна. Үйлдвэрлэлийн салбарт хамгийн олон ажлын байрыг бий болгодог, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй ноолуурын салбарын бодит дэмжлэг цар тахлаас хойш УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны өнгөрсөн 4 дүгээр сарын тогтоол байв. Хоёр жил орчмын хугацаанд үйл ажиллагаа нь зогссон, эдийн засгийн хямралд орсон, өр зээлийнх нь хүү хэтэрсэн нөхцөлд хөнгөлөлттэй зээлийн дахин санхүүжилтийн 30 хувь гэсэн нь дэмжлэг гэхээс илүү нэр төдий л ажил болчихоод байгаа аж. 

            Ашигаа мартаж, ядаж ажлын байраа хадгалж үлдэхийн төлөөх үндэсний үйлдвэр, компаниудын зүтгэл эцсийн дүндээ Монгол Улсын экспортын гол салбарын уналт, босолтын төлөөх тэмцэл юм. Үйлдвэрлэлийн салбарт олон мянган эмэгтэйчүүдийг ажлын байраар хангадаг, хилийн чанадад монгол ноолуур хэмээх том нэрийг тахалдаг үндэсний үйлдвэрлэлийнхэнд Засгийн газрын хөтөлбөр бодит дэмжлэг болох учиртай байв. Ядаж л хөнгөлөлттэй зээлийн дахин санхүүжилтийн 30 хувь гэсэн хатуу тоог харж үзэх шаардлага нэн тэргүүнд тавигдаж байна.

            Банкны зээлийн эргэн төлөх хугацааг 1 жил хэмээн заасан хэдий ч бодит байдал дээр банкууд зээл олгоод 6 дахь сараас эхлэн эргэн төлөлт эхлэх шаардлагыг үйлдвэрүүдэд тавьж эхэлсэн байгаа. Хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа таг гацсан үйлдвэрүүд энэ хүнд нөхцөлд 6 сарын дотор зээлээ төлөх боломж хомс гэдэг нь  ямар ч тэнэг хүнд ойлгогдохоор зүйл. Энэ мэтчилэн үндэсний үйлдвэрүүдэд чөдөр тушаа болж буй олон асуудал ар араасаа хөвөрсөөр байна. Тэд Засгийн газрын зүгээс ноолуурын салбарт олгож буй хөнгөлөлтэй зээлийн дахин санхүүжилтийн 30 хувь гэсэн хатуу заалтыг цуцлах, зээлийн эргэн төлөлтийн хугацаа 6 сар, 1 жил биш 2-3 жил болгон өөрчлөх, зээл олгох хугацааг дахин нэг сараар сунгаж 2021 оны 08-р сарын 30 хүртэл болгох цөөн хэдий ч энэ салбарт бодит дэмжлэг үзүүлэх шийдвэрүүдийг уламжилж байна. 

Сүүлд нэмэгдсэн төсөл