Алсын хараа

Дэлхийд танигдсан Монгол Брендийг хөгжүүлсэн чадварлаг гишүүдтэй, олон улсын текстилийн салбарт нэр хүндтэй үндэсний мэргэжлийн холбоо болно.

Холбогдох
  • Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Ариг Гал ХК-ийн байр
  • 11342950
  • info@mongoltextile.mn

НООЛУУРЫН САЛБАРТ ОЛГОХ 200 ТЭРБУМЫН ЗЭЭЛ ХҮНДРЭЛИЙГ ДАВАХАД ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ

НООЛУУРЫН САЛБАРТ ОЛГОХ 200 ТЭРБУМЫН ЗЭЭЛ ХҮНДРЭЛИЙГ ДАВАХАД ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ

Ноолуурын салбарт олгох 200 тэрбумын зээл 

хүндрэлийг давахад чухал нөлөөтэй

Засгийн газраас эдийн засгийг сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн 10 их наядын хөтөлбөр батласан. Уг хөтөлбөрийн хүрээнд газар тариалан, ноос ноолуурын салбарт 300 тэрбум төгрөгийн жилийн гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөсөн. Тэгвэл хөнгөлөлттэй зээл ноос ноолуурын салбарыг хэрхэн дэмжих болон ноолуурын ханшийн талаар салбарын төлөөллүүдтэй ярилцав. 

Ажлын байраа хамгаалж үлдэх нь чухал зорилт байлаа

(“Кашмер холдинг” компанийн дэд захирал А.Төмөр-Очир)

-Цар тахлын улмаас ноос ноолуурын салбар томоохон хүндрэлийг даван туулж байгаа. Танай компанийн хувьд нөхцөл байдал ямар байна вэ?  

-Дэлхий нийтийг хамарсан цар тахал манай салбарт хүнд тусч байна.  Өнгөрсөн оны 12 дугаар сарын 11-нээс хатуу хөл хорио тогтоосон. Үүнээс хойш манай компани хоёр сар гаруйн хугацаанд нэг ч оймс зараагүй. Мөн дэлхийн зах зээл рүү экспортлодог бүтээгдэхүүний хэмжээ буурсан. Дөнгөж энэ сарын 23-наас үйлдвэрүүд ажиллаж эхэлж байна. Хэдийгээр нөхцөл байдал хүнд байсан хэдий ч бид ажлын байраа аль болох хадгалахыг хичээж ирлээ. Учир нь ноос ноолуурын салбарт нарийн мэргэжлийн боловсон хүчин олон байдаг. Олон жил ажилласан, туршлагатай, мэргэшсэн боловсон хүчнээ тогтоон барьж үлдэхийн тулд бүх үйлдвэр мэрийж хичээлээ. Нөгөөтэйгүүр, нийт ажиллагсдын бараг 80 хувь нь эмэгтэйчүүд. Тэдний дотор өрх толгойлсон, үр хүүхдээ тэжээн тэтгэж яваа олон зуун хүн бий. Энэ үүднээс бодсон ч ажлын байраа хамгаалж үлдэх нь чухал зорилт байсан. 

-Өнгөрсөн жил Засгийн газраас танай салбарт хөнгөлөлттэй зээл олгосон. Гэхдээ ноолуурын үнийг 100 мянган төгрөгт барих шаардлага тавьсан. Энэ байдлаас болж нэлээн асуудал үүссэн. Энэ жил мөн 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн асуудал яригдаж байна. Үнийн тухайд ямар зохицуулалт үйлчлэх ёстой вэ?  

-Ноолуур улирлын чанартай гардаг. Үүнд эргэлтийн хөрөнгө их шаардлагатай байдаг. Өнгөрсөн жил Засгийн газраас ноолуурын ханшийг 100 мянган төгрөг гэж тогтоосон. Энэ нь үр дүн багатай байсан. Учир нь тухайн үед зах зээлийн ханш нь 70-80 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан юм. Сүүлдээ 100 мянган төгрөгт хүрэхгүй учир Засгийн газраас 20 мянган төгрөгийн урамшууллыг малчдад өгсөн. Тухайн үед малчид, үйлдвэрлэлийг хохироосон зүйл болж өнгөрсөн. Тухайлбал, ноолуур авч байгаа хүмүүс нийт ноолуураас нь 20 хувийн хорогдол тооцож малчдыг давхар хохироосон. 100 кг байлаа гэхэд 80 кг-аар тооцож авсан байх жишээтэй. Түүнчлэн, урамшууллын мөнгийг нь олгохгүй их удсан. Малчид ноолуур ч үгүй, мөнгө ч үгүй боллоо гэж бухимдсан. Авсан ноолуур нь агуулахад тоос шороонд дарагдсан, чанараа алдсан байдалтай хураалгаатай байгааг зурагтаар харуулж байсан. Тэгэхээр бидний гол хэлэх зүйл бол зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээ дагаж үнэ тогтох учиртай. Нөгөөтэйгүүр, ноолуурын салбар гадаад зах зээлээс хамааралтай гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Гадаад зах зээлийн эрэлт ямар байна, үүнийг дагаад ноолуурын үнэ өсөж, буурдаг зарчимтай. Өнгөрсөн жил цар тахалтай байсан учир гадаад зах зээл дээр нөхцөл байдал таагүй болж, ноолуур анх 70-80 мянган төгрөгөөр гарсан. 

Үүнээс гадна нэг зүйлийг зориуд хэлмээр байна. 2015 оны долдугаар сарын 9-нд Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль гарсан. Энэ хуулийг бид баяртай хүлээж авсан. Гэтэл энэ хуулийг хүчингүй болгосон сураг байна. Үүнийг эргэж сэргээгээч ээ. Уг хуульд маш сайхан заалтууд туссан байсан. Тухайлбал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийнхээ 30-аас дээш хувийг экспортод гаргаж байгаа үндэсний үйлдвэрүүдийн арилжааны банкаас авсан зээлийн хүүгийн зөрүүг төрөөс олгох заалт байсан. Мөн өндөр үр ашиг бүхий дэвшилтэт технологи нэвтрүүлж нутагшуулсан компанид экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргах хүртэл судалгаа хөгжилд зарцуулсан хөрөнгийн 75 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг улсын төсвөөс нэг удаа буцаан олгох заалт байлаа. Ийм хүчтэй хөшүүрэг үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг дэмжихэд чухал ахиц авчирах байсан. 

Ноолуурын ханш өснө гэсэн эерэг хүлээлттэй байна

(“Сор кашемир” компанийн гүйцэтгэх захирал Б.Бархасбадь)

-Энэ жил ноолуурын ханш ямар байх таамагтай байгаа вэ? 

-Энэ жил олон улсын зах зээл дээр ноолуурын ханш харьцангуй өсөлттэй байна. Европ гэхээс илүү Хятадын дотоодын зах зээлийн эрэлт их байгаагаас шалтгаалан ноолуурын ханш өндөр гарах магадлалтай. Гэхдээ яг тэд гэж үнэ хэлэхэд хэцүү. Цар тахал бүрэн намжаагүй учир гэнэтийн эрсдэлт хүчин зүйл гарч, нөхцөл байдал өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Ямар ч байсан хүлээлт бол эерэг байгаа. Ер нь зах зээлийн зарчмаар үнэ тогтох учиртай. Малчид нийт орлогынхоо 60-70 хувийг ноолуураас бүрдүүлж байгаа. Монгол 27-28 сая ямаатай. Жил бүр 10 мянган тонн ноолуур гарч байна. Тэгэхээр үнэ өндөр гарвал малчдад сайн. Үйлдвэрүүдийн тухайд малчдынхаа орлогын гол эх үүсвэр болсон ноолуурын ханшийг унагаж, дарж авъя гэсэн бодол байдаггүй. Энэ бол малчин, үйлдвэрлэгч гэсэн харилцан шүтэлцээтэй салбар юм. 

-300 тэрбумын хөнгөлөлттэй зээл танай салбарыг дэмжихэд ямар түлхэц үзүүлэх вэ?  

   -Цар тахлаас болоод жуулчид байхгүй, олон улсын зах зээл дээр тансаг бүтээгдэхүүн ноолуурын худалдан авалт буурсан, тээвэр ложистикийн асуудал маш хүнд байдалтай болсон гэх зэргээр тоочоод байвал олон бэрхшээлтэй нүүр тулсан. Мөн үйлдвэрүүд арилжааны банкуудаас авсан олон төрлийн зээлтэй байгаа. Тиймээс газар тариалан болон ноос ноолуурын салбарт 300 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөсөн нь том дэмжлэг болох нь гарцаагүй. Гол нь ирэх сарын 20-ноос хэтрүүлэхгүй олгоод эхэлмээр байна. Ноос ноолуурын салбар өөрийн гэсэн онцлогтой. 3-6 сар хүртэл жилийнхээ бүх түүхий эдийг бэлтгэн авдаг. Бусад улиралд хэчнээн мөнгө байгаад ч бэлтгэж авч чадахгүй. Мөн ноолуур үнэтэй түүхий эд учир 10 тонн ноолуур авахад л нэг тэрбум төгрөг хүрчихэж байгаа юм. Тэгэхээр бидэнд түүхий эд бэлтгэлийн цаг хугацаанд мөнгөний хэрэгцээ асар их шаардлагатай байдаг. Түүнчлэн, өнгөрсөн жил манай салбарт зориулж хөнгөлөлттэй зээл олгосон хэдий ч авах ёстой хүмүүс нь авч чадаагүй. Үүнд анхаарах шаардлагатай.

Ер нь цаашид үйлдвэрлэлээ онож дэмжсэн бодлого хэрэгтэй. Аж ахуй нэгжүүдийн хөрөнгө мөнгөний боломж, хоёрдугаарт хүчин чадлаас хамаарч нийт дотоодод гарч байгаа 10 мянган тонн ноолуурын 30 орчим хувийг дунд болон эцсийн шатны бүтээгдэхүүн болгож экспортолж байна. Бусад 70 хувь нь анхан шатны боловсруулалт буюу угаагаад, хамаг бохир нь Монголд үлдээд экспортод гарч байна. Хэрэв бид үлдсэн 70 хувиа боловсруулж чаддаг болчихвол Монгол Улсад маш их нэмүү өртөг шингэнэ. Дахиад 10 гаруй мянган хүний ажлын байр бий болно. Одоо ДНБ-ий 8 орчим хувийг ноос ноолуурын экспорт эзэлж байна. Дээрхи үр дүнд хүрснээр энэ 16-17 хувь болж өснө. Тиймээс цар тахлын үеийн хүндрэлийг даван туулахаас гадна урт хугацааны өсөлтийн тухай ярих шаардлагатай. 

Зээлийг оновчтой, байгаа онож өгөх хэрэгтэй

(“Ханбогд кашимер” компанийн ерөнхий захирал Ч.Ганцэцэг)

-Засгийн газраас өнгөрсөн жил ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс буухгүй гэж зарласнаас болж асуудал үүссэн. Тиймээс үйлдвэрлэгчид энэ жилийн тухайд ноолуурын үнэ дээр таамаг хэлэхээс ихээхэн эмээж байх шиг байна. Гэхдээ 2020 оны нөхцөл байдлыг өнөөгийнхтэй харьцуулбал байдал харьцангуй дээрдчихлээ. Ядаж л вакцин гараад ирлээ. Тэгэхээр ноолуурын үнийн төсөөлөл харьцангуй өөдрөг байх боломжтой юу? 

-Мэдээж өнгөрсөн жилтэй харьцуулахад вакцин гарсан гэх зэргээр эерэг өөрчлөлтүүд байна. Дэлхийн эдийн засагт хөдөлгөөн орж байгаа учир бохир ноолуурын үнэ өнгөрсөн жилийнх шиг унахгүй гэж бодож байгаа. Зах зээлийн үнэ өнгөрсөн жилийнхээс дор хаяж 30-аас дээш хувийн өсөлттэй байх болов уу гэж харж байна. Өнгөрсөн жил 50-60 мянган төгрөг гэж байсан бол энэ жил 80-90 мянган төгрөг болдог ч юм уу. Тэгэхээр малчид ноолуурын үнэ унана гэж санаа зовох шаардлагагүй.

-Өнгөрсөн жил ноос ноолуурын салбарынханд зориулсан гурван хувийн хөнгөлөлттэй зээл эзэддээ бүрэн хүрч чадаагүй талаар үйлдвэрлэгчид хэлж байна. Энэ тухай тодруулахгүй юу?

-Тийм асуудал үүссэн. Өнгөрсөн жил ноолуурын үйлдвэрүүд биш барилга, төмөрлөгийн салбар, зочид буудал гэм зэргээр олон төрлийн бизнес ихэнхийг нь авсан. Манайх гэхэд ноолуурын үйлдвэр мөртлөө авч чадаагүй. Тэгэхээр энэ жилийн зээл их оновчтой, салбартаа олон жил ажилласан үйлдвэртээ өгөөсэй гэж хүсч байна. Бид өмнөх ажлаа хийгээд явдаг учир зээл авах тал дээр танил тал гэсэн юм байхгүй. Ном журмынх нь дагуу яг салбартаа өгөөсэй гэж хүсч байна.

Нэмж хэлэхэд, цар тахлын үед үйлдвэрүүд, экспорт хийдэг компаниудаа дэмжих нь чухал болохыг бүгд мэдэж байгаа. Тиймээс төрийн алсын хараатай, шударга дэмжлэг хэрэгтэй. Бид бэрхшээлээ нэг бүрчлэн тоочихгүй байгаа болохоос биш олон асуудал бий. Наад зах нь каргоны онгоц, экспортын ачаа кг н 3 ам.доллар байсан бол 18 ам.доллар болж өссөн. 3800 еврогоор Итали руу ачуулдаг чингэлэг 10 гаруй мянган ам.доллар болсон. 60 хоногт очдог бараа 100 гаруй хонож байна. Тяньжин дээр усан онгоц явахгүй. Хурааж байгаад нэг явдаг болсон учир тээвэр ложистик дээр зардал болоод цаг хугацаан асар том алдагдал хүлээж байгаа. 

Ноолуурын салбарын үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд хууль, эрхзүйн оновчтой зохицуулалт, цогц бодлого зайлшгүй шаардлагатай байна

 (Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг)

-Өнгөрсөн жил Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олгосны хариуд ноолуурын ханшийг 100 мянган төгрөгөөс буулгахгүй байх асуудлыг анх тавьж байсан. Энэ жилийн тухайд зах зээлийнхээ зарчмаар явах нь зөв гэдгийг ойлгож байх шиг байна. Үнийн тухайд үйлдвэрлэгчдийн дунд харьцангуй эерэг хүлээлт байна гэж ойлголоо? 

- Ноолуурын үнэ дэлхийн зах зээлийн үнээс шууд хамааралтай. Эрэлт, хэрэгцээ их байвал мэдээж үнэ өндөр л байна. Энэ жилийн хувьд самнасан ноолуурын үнэ харьцангуй өсч байна.

Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд ноолуурыг зах зээлийн үнээр л авдаг. Харин зах зээлийн үнэтэй уялдахгүй хатуу үнийн босго тавьснаар малчдад ч, үйлдвэрлэгчдэд ч ашиггүй байсныг өнгөрсөн жилийн гашуун туршлага харуулсан. Энэ жил үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж ноолуурын салбарт эерэг хандлагууд гарна гэдэгт итгэлтэй байна.

-Цар тахал үндэсний компаниуд, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ дэмжих шаардлагатайг харууллаа. Ноолуур бол манай орны онцлогийг шингээсэн үнэт түүхий эд. Энэ салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ? 

- Түүхий эдэд нэмүү өртөг шингээн байгальд ээлтэй, эдийн засгийн хүртээмжтэй, тогтвортой үйлдвэрлэлийг бий болгож хэрэглэгчдэд монгол ноолуурын онцгой давуу талыг таниулан сурталчлах, улмаар үйлдвэрлэл, экспортоо нэмэгдүүлэх зорилтыг тавин ажиллаж байна.

Саяхан ноолууран бүтээгдэхүүний чанарын болон үндэсний тогтолцооны стандартуудыг боловсруулан гаргалаа. Энэ нь үйлдвэрийн процесс тогтвортой явагдаж байгаа эсэх, үйлдвэрлэлийн орчин, нийгмийн хариуцлага, бүтээгдэхүүний чанарт баталгаажуулалт хийн гэрчилгээжүүлэх зорилготой үндэсний баталгаажуулалтын байгууллагыг Ноос ноолуурын холбоонд бий болгоод ажиллаж байна. Ноолууран бүтээгдэхүүнд олгох Монголын Хаан Ширхэгт чанарын гэрчлэх тэмдгийг гаргасан зорилго бол Монголын гарал үүсэлтэй, сайн чанарын ноолуураар хийгдсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зэээлд таниулан сурталчлах, зах зээлийг өргөжүүлж экспортыг нэмэгдүүлэх юм. Сайн стандарт, сайн баталгаажуулалт хийснээр монгол ноос ноолууран бүтээгдэхүүний чадавхийг гадаад зах зээлд таниулах тогтолцоо болж өгнө. 

Өнөөдөр ноолуурын салбар нь бүрэн автомат тоног төхөөрөмжтэй, чадварлаг боловсон хүчинтэй, техник технологи, ноу хаутай салбар болж чадсан. Цаашид олсон энэ амжилтаа улам бататгаж түүхий эд бэлтгэгч орон бус үйлдвэрлэгч орон болохын тулд нийт бэлтгэсэн ноолуурын 60гаруй хувьд нь гүн боловсруулалт хийж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байна.  

Одоогоор манай салбарынхан 1 их наяд төгрөгийн борлуулалт хийж байна.  Цаашид 2,4 их наяд төгрөгийн борлуулалт хийж, нийт ажиллах хүчнээ 40 хувиар нэмэгдүүлэх бүрэн боломж бий. 

Нэн тэргүүнд ноолуурын салбарын үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд хууль, эрхзүйн оновчтой зохицуулалт, цогц бодлого зайлшгүй шаардлагатай байна. Үүнд:

-Угаасан ноолуурын экспортыг хориглох тарифын болон тарифын бус зохицуулалт хийх

-Бүтээгдэхүүний 30-аас дээш хувиа экспортолж буй компаниудад татварын хөнгөлөлт үзүүлж, урамшууллын тогтолцоог бий болгох

-Өндөр технологи бүхий тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирэхэд гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөх

-Боловсруулах салбарын ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх,  ялангуяа залуучууд, эмэгтэйчүүдийг ипотекийн зээлд хамруулах

-Олон улсын төсөл хөтөлбөрүүд салбарын маркетингийг хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх

-Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, иновацийн зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлэх

зайлшгүй шаардлагатай байна.

 

Сүүлд нэмэгдсэн төсөл