Монголын ноолууран бүтээгдэхүүний чанар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловч дэлхийд танигдсан брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байгаа юм. Америк, Итали, Франц зэрэг орны хувцас загварын мэргэжилтэн, дизайнерууд Монголд үйлдвэрлэсэн ноос, ноолууран хувцсанд тансаг байдал, шинэлэг байдал харагдахгүй загвар дизайны хувьд  онцгой зүйл байдаггүй учир өрсөлдөх чадвар нь тааруу гэж дүгнэсэн байдаг. Тэгвэл уг асуудлыг шийдэхээр Монголын ноос, ноолуурын холбоо дэргэдээ дизайны төв байгууллаа. Дизайны менежментийг бий болгож, дэлхийд өрсөлдөх загварлаг ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой “Дизайны төв”-ийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд МННХ-ын ерөнхийлөгч, Зам Тээврийн Хөгжлийн Яамны Сайд Ж.Бат-Эрдэнэ, Канад улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхэт элчин сайд Дэвид Спрул нар нээж үг хэлсэн. 

Дизайны төвийн гол зорилго бол дэлхийн зах зээл дээр хүчтэй өрсөлдөх ноос, ноолууран бүтээгдэхүүний брэндийг бий болгох юм. Монголд үйлдвэрлэсэн ноос, ноолууран бүтээгдэхүүнээс шинэлэг, тансаг зүйл харагдахгүй байна гэж гадны дизайнерууд хэлдэг. Нэгэнт зах зээлд тогтсон энэхүү Монгол ноос, ноолууран түүхий эд чанартай гэдэг ойлголтоос гадна бүтээгдэхүүн нь дизайнлаг юм, загварлаг юм гэдэг ойлголтыг хэрэглэгчдэдээ өгөх, салбарт хамгийн зөв оновчтой  дизайны менежементийг хэрэгжүүлэх зорилготойгоор “Дизайны төв”-ийг байгуулж байгаа юм. Төвөөрөө дамжуулан  салбарын дизайнеруудыг гадаад дотоодын чадавхижуулах сургалтанд хамруулахаас гадна дизайнеруудад шинэ санаа, сэдлийг өгч, бүтээлч  орон зайг бүрдүүлэх хугацааг олгох юм. Саяхан бид ноос, ноолуурын салбарын 40 дизайнерыг оролцуулсан 5 хоногийн сургалт зохион байгуулсан. Цаашид дэлхийн нэр хүндтэй сургуулиудад дизайнеруудаа сургаж,  зорилтод зах зээлд зориулсан загварыг бий болгоно. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт,  шинэ бүтээгдэхүүн бий болгоход бүтээгдэхүүний маркетинг, дизайн, үйлдвэрлэлийн асуудал салшгүй холбоотой.