Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Юнитериа хөтөлбөр, Монголын ноос ноолуурын холбоотой хамтран “Ноос, ноолуурын салбарын Хамтын ажиллагааны зөвлөл”-ийн IV дэх удаагийн хурлыг зохион байгууллаа.  

Ноос, ноолуурын салбарт тулгамдсан асуудлын нэг бол “хүний нөөцийг чадавхжуулах” аж.Энэ хүрээнд өчигдөр холбогдох яамд, ноосны болон ноолуурын холбоод, их дээд, мэргэжлийн сургуулиуд, судалгааны байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон уулзалтыг зохион байгуулж, талууд мэдээлэл солилцон цаашид хамтын ажиллагааны хүрээнд хийх ажлаа төлөвлөжээ. 

Ноос, ноолуурын салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллах үүрэг бүхий талуудын дунд асуулт, хариулт явуулан өөр өөрийн үйл ажиллагаандаа дүгнэлт хийх боломжийг олгосон нь хурлын үр дүн байлаа.

Мөн эдийн засгийн хямралаас гарах нэг боломж нь олон улсын шугамаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлж, тэгш байдлыг ханган ажилласнаар төсвийн хөрөнгийг хэмнэх боломжийг Канадын Юнитерра хөтөлбөрийн хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээр харуулсан хурал болсныг ХХААХҮЯам онцлон  мэдээлж байна.

Тус хуралд ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга Б.Батхүү, болон Канад улсаас Монгол улсад суугаа элчин сайд Дэвид Спрул, Канад Улсын Дэлхийн Их Сургуулийн Үйлчилгээ ТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгч, Ноос, ноолуурын 62 үйлдвэр, Монгол Солонгосын мэргэжлийн сургууль, ШУТИС, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Монголын Ноос, Ноолуурын Холбоо, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн холбоод оролцлоо.

Мөн хуралд Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл, Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл, Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн төлөөлөл оролцож, 2016 онд салбар яамны дэмжлэгтэйгээр Юнитериа хөтөлбөрийн санаачилгаар  эхлүүлсэн “ноос, ноолуурын салбарын хамтын ажиллагааны зөвлөл”-ийн ажлыг үргэлжлүүлэн Монголын ноос, ноолуурын холбоо хэрэгжүүлж ажиллахаар боллоо.