Монголын Ноос Ноолуурын Холбоо, ХХААХҮЯ, Канадын Юнитерра хөтөлбөр хамтран Ноос, ноолуурын салбарын Хамтын Ажиллагааны Зөвлөлийн III хурлыг 2017.05.30-нд зохион байгууллаа.

Засгийн газар, хувийн хэвшил, дотоод гадаадын ТББ-уудын төлөөлөл, боловсрол, судалгаа шинжилгээний байгууллага гэсэн олон талуудыг оролцоотойгоор ноос, ноолуурын салбарын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх алхмыг хийж байгаагаараа уг семинар онцлог байлаа.

Хурлаар өндөр ур чадвартай Монгол хүнийг хэрхэн яаж бэлтгэх вэ? мэдлэгийг хэрхэн ашиглаж өндөр бүтээмжинд хүрэх вэ? зэрэг тулгамдаж буй асуудлуудыг дэвшүүлэн тавьж, оролцогчдоос олон санал санаачлагууд гарч байгаа нь ноос ноолуурын салбарын хүний нөөцийн хөгжилд чухал хувь нэмрийг оруулна гэж үзэж байна.

Өнөөдрийн байдлаар  хөнгөн үйлдвэрийн салбарын  экспортын  57 хувийг ноолуур эзэлж байгаа хэдий ч улсын хэмжээнд нийт экспортын бүтээгдэхүүний  6-хан хувь байгаа нь чамлалттай үзүүлэлт юм. Салбарын хамт олон одоогийн экспортын хэмжээг 2 дахин нэмэгдүүлж 2025 он гэхэд 2 их наяд төгрөгийн борлуулалт хийхээр томоохон зорилт тавин ажиллаж байна.

Дээрх зорилтын хүрээнд салбарын ур чадвартай хүний нөөцийн асуудал хурцаар тавигдаж байна. Монголын ноолуурын салбар өнөөдрийн байдлаар 10,0 гаруй ажиллагсадтай үүний 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг.

Стратегийн чухал салбар болох ноолуурын чанар, нэр хүндийг өргөх, ноолуурын нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудын үүрэг ролийг нэмэгдүүлэх, ноолуурын тогтвортой үйлдвэрлэлийг бий болгох,  салбарын ажиллагсдыг чадавхижуулах зорилгоор “Ноолуур Хөтөлбөр”- ийг Засгийн газарт удахгүй өргөн барих гэж байна.

Ноолуур хөтөлбөрт  үндсэн 4 асуудлыг тусгаж байгаа. Үүнд:

·         Түүхий эд бэлтгэлийн асуудал

·         Техник технологийн шинэчлэл

·         Хүний нөөцийн асуудал

·         Экспорт

Түүнчлэн тус Холбоо нь Японы Эдийн Засаг Худалдааны Яамны  харьяа Аж Үйлдвэрийн Салбарын Хүний Нөөцийн Хөгжүүлэх Холбоо /HIDA/ ТББ-тай хамтран ажиллах болсон нь салбарын хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.