-Өнөөдөр бидний хоолойд тулсан асуудал бол эхний улиралд төлөх 580 сая ам.доллар болчихоод байна. Ерөнхий сайд төлнө гээд байгаа. Учир мэдэх гишүүд нь ямар ч мөнгө байхгүй гэж байгаа л даа. Өнөөдрийн нөхцөл байдал яг ямархуу байгаа юм бэ?

-Өнөөдөр бид авдраа ухаад юу ч байхгүй. Улсын төсвөө өмнөх жилээс 1.6 их наядаар бага баталсан. 2017 онд бид арай хийж энэ хэмжээндээ явна. Үүнээс гадна бондын эргэн төлөлтийн 580 сая ам.доллар үнэнийг хэлэхэд Засгийн газарт байхгүй. Гэхдээ олон улсын тавцанд зээлээ төлж чадаагүй гэдэг муу нэрийг авахгүйн тулд өөрсдийн бүх нөөц боломжоо шавхаж байгаа нь үнэн. Зээл тусламж авах тал дээр хэд хэдэн оронтой ярьсан зүйл бий. Мөн “Стэнд бай” хөтөлбөрийг авах хүрээнд хэлэлцээр нэлээд нааштай яваа. Нөгөө талдаа бид заавал энэ өрийг төлж ард нь гарах ёстой. Ерөнхий сайдын зүгээс “Өрийг төлнө” гэдгээ мэдэгдсэн. Монгол гэдэг улс гэрийнхээ нэр хүндийг бодоод өөрсдийнхөө бүх боломжийг дайчлан тэр мөнгийг төлье гэж байгаа юм. Ингээд явлаа гэхэд харамсалтай нь цаад талдаа цалин, тэтгэвэр тавихаас эхлээд хүндрэл тулгарах юм л даа.

-Засгийн газар гадаадаас бага хүүтэй зээл авах гээд байна уу, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах гээд байна уу. Олон улсын валютын санд хамрагдах хүсэлтээ Засгийн газар өнөөдрийг хүртэл мэдэгдээгүй байгаа гэсэн. Зээл тусламж нь ч бүрхэг л байна?

-Валютын сантай хэлэлцээрүүд явагдаж байгаа. Валютын сангийнхан одоо ирээд хэлэлцээрээ дуусгана. Энэ хүрээнд тодорхой хэмжээний мөнгө орж ирэхэд өөрсдийн нөөц боломжоо шавхаад зээлээ төлөх хэрэгтэй. Улсын эдийн засаг, өрх гэрийн эдийн засаг хоёр агуулгын хувьд ижил. Тэр утгаараа зээл аваад мөнгөөрөө ханын стэнк авалгүйгээр эдийн засгин эргэлтэнд орох зүйлд зарцуулах учиртай. Эдийн засагчид ч ийм зөвлөмжийг өгч байгаа. Бидний өмнөх алдаа нь дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийж бодит бус утгаараа олон жилийн дараа үр өгөөжөө өгдөг зүйлд бүх мөнгөө зарцуулсан.

-Засгийн газар амарчлаад Таван толгойгоор туг тахиж хэдэн төгрөгтэй болох гээд байгаа юм биш үү. Танай бүлгийн гишүүд л тэгж яриад байгаа. Бүлэг дээрээ саналаа нэгтгэж чадахгүй байна гэсэн. Өнөөдрийн нөхцөлд Таван толгойн орд хөдлөх нь зөв, буруу гэсэн талцал танай нам дотор бий болчихсон байна л даа?

-Засгийн газар Таван толгойг зарах бодлого бариагүй байх. Өмнө нь УИХ дээр унасан Таван толгойтой холбоотой тогтоол, ажлын хэсэг гараад ажилласан дүгнэлт ч бий. Энэ бүгдээ дүгнээд арай өөр хувилбараар оруулж ир гэсэн шаардлагыг тавьж байгаа. Нэг хэсэг “Таван толгойг зарах гэж байна” гэсэн мессэж явлаа. Нүүрсний үнэ жаахан нэмэгдэж байгаа энэ үед бидний хамгийн түрүүнд анхаарал хандуулах сэдэв Таван толгой гэдэг нь үнэн. Одоо зах зээлээ зөв судлах хэрэгтэй. Хүссэн, хүсээгүй бид Хятадын зах зээлд л нүүрсээ нийлүүлнэ. Өнгөрсөн он жилүүдэд гуравдагч орон руу гэсэн хандлага давамгайлсан. Үүнээс болж хоёр хөрш маань зайгаа авч байна. Бид мөнхийн хөршүүдтэйгээ хамгийн түрүүнд гэрээ хэлэлцэлээ хийх нь зөв. Энэ бидний хамгийн зөв барьц гэдгээ ойлгох хэрэгтэй. Монгол Улс Япон, Солонгос руу нүүрсээ гаргая гэж баахан хөөрцөглөсөн. Бодит байдлаа бид ойлгох цаг болсон. Тиймээс хамгийн ойрын эрэлттэй зах зээл болох урд хөрштэйгөө хэл амаа олох учиртай. Өмнөх Их хурал дээр орж ирсэн гэрээ хэлцлийн хувьд нэг улсын гэхээсээ илүү нэг компанийн эрх ашиг хөндөгдөж байсан.

-Том төслүүдийг хөдөлгөе гэхээр л лобби явлаа гэнэ. Нэг хэсэг нь популизм хийлээ л гэнэ. Засгийн газар Таван толгойн асуудлаа өөрсдөө шийднэ гээд нөгөө хэсэг нь Их хурлаар заавал оруул гээд маргаантай байгаа юм билээ. Танай бүлэг дээр гэхэд Таван толгойн асуудлаар санаа бодлоо нэгтгэж зангидаж чадахгүй байгаа гэх юм байна шүү дээ?

-Мэдээж бүлэг дээр танилцуулагдаад Их хурлаар заавал орно. Энэ маргаангүй үнэн. Түүнээс биш Ерөнхий сайд нь миний эрхийн асуудал гээд УИХ-ын дарга нь улс орны асуудал гээд өмнөх парламентын үеийн ард түмнээ талцуулсан шиг зүйл болохгүй. Эдийн засаг ийм хүнд байгаа үед бидний өмнө байгаа ганц тавагтай хоол маань Таван толгой. Тэр утгаараа Их хурлаар шийднэ. Манай бүлгээс барьж буй бодлого бол Оюу толгойн өмнөх алдааг давтахгүй гэж байгаа юм. Мэдээж хэлцэл хийж байгаа болохоор аль аль талынхаа эрх ашгийг хангаад явах учиртай. Гэрээ хэлцэл хийгдээд явагдах үед тодорхой хэмжээний урьдчилгааг нэн даруй оруулж ирснээр бидний энэ хүнд байдлаас гарах эхний алхам болно. УИХ-аар зайлшгүй орно.

Бүлгийн хурал дээр хоёр талцсан айхтар зөрчил байгаагүй. “Таван толгойг зарах ямар ч гэрээ хэлцэл, яриа өрнөөгүй” гэдгийг Ерөнхий сайд бүлгийн хурал дээр мэдэгдсэн.

-Эдийн засагт ногоон гэрэл асаах гарц нь яг юу вэ. Валютын сан уу, гадаадын зээл тусламж уу эсвэл томоохон төсөл хөтөлбөр үү. Олон туулай хөөж байхаар ганц туулайгаа л хөөчихвөл дээр биш үү?

-Орон нутаг, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг олон бизнес эрхлэгчид надтай уулзаж байгаа. “Бид зээл аваад үйл ажиллагаагаа явуулж байтал эдийн засаг ийм хүнд байдалд орчихлоо.

Үүнээс гарах гарц нь дахин зээл авч зогссон төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлээд явуулах хэрэгтэй” гэдэг санал хэлж байна. Бид нөхцөл байдлаа тэгшитгээд “Стэнд бай” хөтөлбөртөө хамрагдах хэрэгтэй. Тэгж байж олон улсад манай орныг санхүүгийн хувьд хүлээн зөвшөөрнө. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.

Энэ үүдээ нээхгүйгээр саарал байшин дотроо бид улс төр хийж, “Зээл авахгүй гэсэн яасан” гэж ам асуугаад, манай намынхан болохоор “Зээл тусламж авч энэ хүндрэлээс гарах ёстой” гэдгээ хэлчихэж чадахгүй айж, ичээд байвал хямралаас хэзээ ч гарахгүй. Миний хувьд “Стэнд бай” хөтөлбөрт бодлогын хувьд зайлшгүй орох ёстой гэж үздэг.

-Олон улсын валютын сан, Монгол Улсын Засгийн газар эцсийн байдлаар шийдвэрээ бараг гаргачихсан юм биш үү, тэгвэл?

-Сүүлийн үеийн шинэ мэдээлэл аваагүй байна. Саяхан Сангийн сайдтай уулзаж байхад “Удахгүй Олон улсын валютын сангаас төлөөлөгчид ирнэ. Эцсийн хэлэлцээрийн түвшинд баг ажиллахад бэлэн болсон” гэж байсан.

-Эдийн засгаа солонгоруулах боломж байна уу. Бухын доодхыг харж үнэг турж үхэв гэгчээр уул уурхайг л ширтээд сууцгаачих юм даа. Монгол Улсад дотоод нөөц боломж гэдэг зүйл байхаа больчихсон юм уу?

-Засгийн газраас Эдийн засгийн хямралыг даван туулах төлөвлөгөөг гаргасан. Үүн дээр шүүмжлэлтэй зүйлс бий. Миний зүгээс хэд хэдэн яам дээрээ тулгуурлаад мал аж ахуй, газар тариалан, уул уурхай, эрүүл мэнд, боловсрол дээрээ түшиглээд бүх боломжоо үүн дээр хандуулж ажиллах хэрэгтэй гээд байгаа юм. Бид ноолуурыг алтны дараа хоёрдугаарт эрэмбэлдэг. Тэр утгаараа бид бүх нөөц боломжоо ашиглаж чадвал ноолуураасаа хоёр их наяд төгрөг олох боломжтой байгааг судалсан.

-Тийм ямар боломж байгаа юм бэ?

-Дунд шатны боловсруулалт хийхэд л энэ хэмжээний мөнгийг олчих боломжтой. Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргана гэвэл цаг хугацаа нэлээд шаардагдах юм. Энэ хавраас эхлээд ноолуурын зах зээлээ гадагш нь алдалгүй дотооддоо барих шаардлагыг би Засгийн газарт тавьж байгаа. Манай нийт ноолуурын 75 хувь нь хятад руу гардаг. Гэтэл бид 20 орчим хувийг хэрэглэж үүнээсээ 700 орчим тэрбум төгрөгийг олдог. Ядаж бид ноолуурынхаа 50 хувийг дотооддоо хэрэглэдэг болох шаардлагатай. Монгол Улсын хэмжээнд жил бүр 8500 тонн ноолуур бэлтгэдэг. Энэ бүх ноолуураараа дотооддоо нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн хийе гэвэл 500 тэрбум төгрөг шаардлагатай. Бид ноолууранд 500 тэрбум төгрөг зарцуулаад жилд хоёр их наяд төгрөг олох боломжтой байхгүй юу. Их мөнгө шүү.

Дунд шатандаа үүнийг хийгээд явах бүрэн боломжтой. Энэ жил 500 тэрбум төгрөг л өгчихвөл бүх ноолуураа Хятадад өгөлгүй бэлдээд авчихъя. Тэгсэн тохиолдолд хоёр их наяд төгрөг олно. Манайхан эргэлтийн мөнгөгүйдээ л зогсчихдог юм. Дэлхийн нийт ноолуурын 40 хувийг Монгол, 50 хувийг Хятад бэлддэг. Бид дэлхийн ноолуурын зах зээлийн 40 хувийг барьдаг бүтэн тоглогч байхгүй юу. Бид нэг үеэ бодоход угаагаад гаргадаг болсон. Цаашид самнаад гаргах бүрэн боломжтой. Би жижиг дунд үйлдвэрүүдээ дэмжих хэрэгтэй гэж ярьдаг. Ингээд ярингуут намайг “Жижиг юм ярилаа” гэдэг. Тэгээд том нь хөдөлж байгаа нь хаана байна. Жижиг дунд үйлдвэрлэл гэдэг чинь бидний хэрэгцээн дээр бий болж байгаа ажлын байр. Энэ жил 5000 төсөл Засгийн газарт ирснээс 70 гаруй төслийг нь л сонгон шалгаруулсан. Гэсэн ч 70 гаруй төслөө бүрэн санхүүжүүлж чадахгүй л байгаа. Ядаж энэ 70 төслөө бүрэн санхүүжүүлж, зайлшгүй хэрэгтэй салбараа дэмжих нь хамгийн чухал. Энэ чинь нэг том алхам. Зээл тусламж орж ирвэл хамгийн түрүүнд энэ мэтчилэн зүйлд анхаарал хандуулах хэрэгтэй. Би бас чацарганы тухай яриад байгаа юм.

-Юуг нь ярина гэж. Хүн бүр бараг тарьдаг болчихсон юм биш үү?

-Монголчууд чацаргана, чацаргана гээд худлаа шоудаад байгаа юм уу гээд судлаад үзэхээр олон улсад чацаргана үнэхээр чухал бүтээгдэхүүнд ордог юм байна. Амин дэмийн хувьд олон жимснээс илүү л дээ. Үүнийгээ бид гадаад зах зээлд гаргах хэрэгтэй. Германчууд буриадуудад санал тавьж “Танай чацарганыг том үйлдвэрлэл болгоод бүтээгдэхүүнийг нь бид авъя. Шинжлэх ухааны байгууллагуудаа ч ажиллуулъя” гэхэд нь тэд хөдлөөгүй юм билээ. Тэгсэн германчууд өөрсдөө чацарганаа тариалаад Европын чацарганы томоохон үйлдвэрлэлийг барьж байна. Манайд “Хуба Хаяа” гээд чацарганын үйлдвэр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана гэж дуулсан. Гэтэл хажууханд нь байгаа "Витафит" компани гэхэд өтгөрүүлсэн чацарганыг Оросоос оруулж ирж байх жишээтэй. Бид “Чацаргана” гээд хөтөлбөр яриад сууж байдаг. Манай айлууд хашаандаа 10, 20 чацарганы бут тарьж талыг нь хүүхдүүд, үлдсэнийг нь шувуу идээд л дуусч байна. Чацарганыг бид Европын усан үзмийн талбайн дайтай авч явмаар байгаа юм. Битүү усан үзэм тарьдаг биз дээ. Бид яагаад үүн шиг явж болохгүй гэж. Ядаж "Витафит"-аа хангая л даа.

Э.ЭНХБОЛД