Сарлаг нь өндөр ууланд уулын хяр, оройгоор хэсч идээшлэх дуртай, халуунд их тэсвэр муутай дэлхийд нэн тархацгүй, ховордож буй амьтны нэг юм.  Монголд өнөөдрийн байдлаар 560 гаруй мянган толгой сарлаг үхэр үржиж жилд, дунджаар 200-аад тонн хөөвөр бэлтгэж байна. Үүнээс гадна сарлаг үхрээс сүүл, савгийг нь тусгай бэлтгэж /300-аад тонныг/ экспортолдог. Сарлаг үхрийн 80 гаруй хувь бараан зүсмийнх байдаг. Сарлагийн хөөврийг хавар хөөрөх үед нь хяргах юм уу,самнах аргаар бэлтгэдэг хэдий ч самнаж бэлтгэсэн нь гарц өндөртэй /20 шахам хувь/ ширхэгийн урт харьцангуй илүү. Зэрлэг угшлаасаа салж амжаагүй шахуу догшин амьтан тул хөөврийг нь авахад хүндрэлтэй. Хөөвөр нь ноолуур засврын үс, сор үснээс бүтэх ба уян зөөлөн чанараараа ямааны ноолуурын дараа ордог үнэт түүхйи эд. Ширхэгийн урт нь 30-35 мм үйлдвэрлэлийн технологийн шаардлага хангах талаасаа ямааны ноолуураас арай доогуур үнэлгээтэй байдаг. 2000 он хүртэл сарлагийн хөөврийг эсгий,эсгий гутлын компанид хэрэглэж байсан бол 2000 оноос уг түүхий эдийн үнэт чанарыг танин мэдсэнээр нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон. Одоо Говь, Гоёо, Монгол Нэхмэл, Санширо, Сор Кашмир, Натураль-Альфа, Жинст Мөрөн зэрэг 7-8 компани сарлагийн хөөврөөр хөнжил, ороолт зэрэг нэхмэл бүтээгдэхүүн майк, цамц, оймс зэрэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж Орос, Япон, Герман,Англи зэрэг гадаад орны зах зээл дээр нийлүүлдэг байна. Сарлагийн хөөврөөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь “дулаан хадгалах”, “эсгийрэлт тэсвэрлэх” чадвараар ямааны ноолууран бүтээгдэхүүнээс илүү. Агаарын солилцоо сайтай, уян зөөлөн бүтээгдэхүүн учир өмсч, эдлэхэд нэн тааламжтай сэтгэгдлийг төрүүлдэг. Үүнээсээ шалтгаалаад тэмээний ноосон бүтээгдэхүүнээс илүүтэйгээр Олон Улсын зах зээл дээр нэр хүндтэй бүтээгдэхүүн болох магадлалтай байгаа.