Ноос, ноолуур боловсруулах салбарын нийт ажиллагсадын  ажил, мэргэжлийн хувьд хатаах, сэгсрэх,холих машин баригч, засварчин, ялгагч, самнагч, мяндас, хялгас түүгч, шидээсчин, хэрээсний, гар, шулуун оёоны оёдолчин, савлагч, товч хадагч, захчин, ээрэгч, ороогч, эрчлэгч, сүлжигч, киттельчин, угаагч, индүүчин, нөхөн засагч, будагчин, гол залгагч, зулагч, эсгүүрчин гэсэн ажлын байр зонхилдог. Эдгээр ажил мэргэжлийн тодорхойлолт, чадамжид суурилсан сургалтын модуль бүрэн боловсрогдоогүй байна.

Компаниудын ажиллах хүчний нөөц, түүний хөгжлийн үйл явц нь Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжих үеийн хөнгөн үйлдвэрлэлийн салбарын түүхтэй салшгүй холбоотой төдийгүй энэ нь ажиллах хүчний нөөц, түүний хөгжлийг гол нөхцөлдүүлэгч хүчин зүйл болсон юм. Үйлдвэрлэлийн цар хүрээ өргөжихийн хэрээр хөдөлмөрийн захаас ажил идэвхитэй  хайж байгаа иргэдээс сонгон мэргэжил эзэмшүүлж ажлын байраар хангана.

Үйлдвэрлэл болгон өөрийн технологийн онцлог,өвөрмөц байдлаараа ялгаатай. Бүтээгдэхүүний олон улсын стандартын болон орчин үеийн техник, технологийн  шаардлагад нийцэж ажиллах “ ажиллах хүч” буюу хүний нөөцийг  шинээр бүрэлдүүлэн тогтвортой хөгжүүлэх амаргүй үйл явц юм.

Ажил олгогчдын зүгээс хязгааргүй олон янзын шаардлага тавигдана. Тэр  бүрт хөрвөх чадвартай мэргэжлийн  ажилчин бэлтгэх агуу төв байх боломжгүй болохоор маш уян хатан бүтцийг баримжаалах хэрэгтэй байна.  Өөрөөр хэлбэл хаана эрэлт бий болж байна тэнд нь сургалтыг  зохион байгуулж мэргэжилтэй ажилчин нийлүүлэх нь хамгийн үр дүнтэй, уян хатан бүтэц байх болно гэж бид үзэж байна. Бид 2012-2013 онд багтаан мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалтын төвөө статус, хэв шинжийн хувьд үйлдвэрлэлийн харъяалалтай Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв /МСҮТ/ болгож өргөтгөн зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Монгол Улсын Ерөнхий сайд үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзахдаа “... Байгалийн баялаг маань улс орны хамаг хүнд ачааллыг үүрч байх хооронд нөхөн сэргээгдэх шавхагдашгүй нөөцтэй үйлдвэрлэл болох ноос, ноолуурын салбараа хөл дээр нь баттай зогсоож авах...” тухай онцлон тэмдэглээд салбарын өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхийг Засгийн Газрын танхимын гишүүд, яамдын удирдлагуудад үүрэг болгож, бүх талаар дэмжихээ илэрхийлсэнд бид талархаж байна.

Эдийн засгийн шинэ орчинд өрсөлдөхийн  тулд ноос, ноолуурын салбарт үйлдвэрлэлийн хэрэгслиийг шинэчлэх, уламжлалт болон дэвшилтэт технологи эзэмшин ажиллах чадвартай ажиллах хүчийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага бий болж байна. Мөн ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, нийгмийн эмзэг хэсгийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх нийгмийн зорилт тавигдаж, мэргэжлийн боловсролын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна.

Түүнээс гадна жил бүр ерөнхий боловсролын сургуулийн 8,10 дугаар анги төгссөн хүүхдийн 30 гаруй хувь буюу 20 гаруй мянган хүүхэд дараагийн  шатны сургуульд элсэж чадахгүй, ажлын тодорхой байргүй үлдэж байгаа бөгөөд ядуурал, ажилгүйдлийн байдалд явуулсан улсын үзлэгийн дүнгээс үзэхэд нийт хүн амын 25,2 хувь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой амьдарч байна. Хөдөлмөрийн насны ажил эрхлээгүй ядуу хүмүүсийн 58,3 хувь нь мэргэжилгүй байна.

Ийнхүү нийгмийн тогтвортой хөгжил, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээл, хүний хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, шинэчлэлтийн зорилго, зорилтын үүднээс мэргэжлийн  боловсролын үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилт урган гарч байна. Иргэдээс  үндсэн  хуульд заасан хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах эрхээ эдлэх, хөдөлмөрлөх үүргээ биелүүлэхэд нь төрөөс  дэмжлэг үзүүлж, ахуй амьдралаа дээшлүүлэх арга ухааныг эзэмших таатай орчинг бий болгоход хамтын хүчин чармайлтыг нэгтгэн ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.