Говь цөлийн нөхцөлд тэмээ шиг  биологийн хувьд зохицсон өөр ямарч амьтан байхгүй.  Монгол орон тэмээг одоогоос 3000 жилийн өмнөөс анх гаршуулж, гэршүүлэн өсгөн үржүүлсэн ууган орон, дэлхийд ховорхон болоод байгаа хос бөхт тэмээний удмын санг хадгалан үлдсэн цөөн орны нэг юм.

Монгол улс нь дэлхийд хамгийн олон хоёр бөхт тэмээтэй. 2012 оны мал тооллогын дүнгээс харахад тэмээн сүргийн тоо толгой 279,6 мянгад хүрсэн. Тэмээний ноос нь ноолуур, завсрын үс, хялгаснас бүрдэх бөгөөд ноолуур агууламж нь хонины бүдүүн ноосныхоос их, зунгаг багатай, гол төлөв өөрийнхөө өнгөөр хэрэглэгддэг. Ойролцоогоор 1400 тонн тэмээний ноос бэлтгэдэг. Тэмээний ноос нь  дулаан хадгалах чадвар сайтай, ноолууртай  харьцуулахад  ширхэгт нь урт 45мм-ээс дээш бөгөөд бөх бат  чанараараа давуу байдаг. Тэмээний эм ноос болон ботго торомны ноосон дахь ноолууран ширхэгтийн  дундаж  голч нь 15-24 мкм  байдаг. Бага насны тэмээний бие ноосыг тусад нь ялгаж ямааны ноолууран бүтээгдэхүүнээс дутахгүй  төрөл  бүрийн сүлжмэл эдлэл болон нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.